Д.Трамп: “Талибан”-тай тун удахгүй найрамдлын хэлэлцээр байгуулна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-02-29 13:03:24

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Талибан” хөдөлгөөнтэй найрамдлын хэлэлцээр байгуулах үйл ажиллагаанд оролцоно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгдсэн байна.


“Миний өгсөн чиглэлийн дагуу М.Помпео тун удахгүй “Талибан”-ы төлөөлөгчидтэй хэлэлцээр байгуулна” гэж Д.Трамп мэдэгджээ. Уг хэлэлцээрээр Афганистан дахь Америкийн цэргийн тоог 8600 болгон бууруулахыг зорьж байгаа аж. Одоогийн байдлаар АНУ-ын 13 мянган цэрэг Афганистанд байгаа юм.


Д.Трамп найрамдлын хэлэлцээрийг хаана байгуулах талаар дурдаагүй боловч өмнөх мэдээнүүдээс үзэхэд уг үйл ажиллагаа Катарын нийслэл Доха хотод бямба гарагт болох магадлалтай байна.


АНУ-ын Ерөнхийлөгчийн баасан гарагт мэдээлснээр, Батлан хамгаалахын сайд Марк Эспер Афганистаны Засгийн газартай хамтарсан мэдэгдэл гаргах ажээ. Мөн Д.Трамп энх тайвныг цогцлоох энэхүү боломжийг ашиглахыг “Талибан” болон Афганистаны Засгийн газарт уриалаад, хэрэв та бүгд өгсөн үүрэг амлалтаа биелүүлбэл Афганистаны дайныг дуусгах боломж бүрдэж, Америкийн цэргүүдийг нутаг буцаах боломжтой гэж мэдэгджээ.


Афганистанд 19 жил орчмын өмнө эхэлсэн дайн Вашингтонд ойролцоогоор 1 тэрбум их наяд ам.долларын зардал учруулсны зэрэгцээ уг дайнд 2400 орчим цэргийн алба хаагч амь насаа алджээ. 

Холбоотой мэдээ