ЭМЯ: Сонгдо эмнэлэгт илэрсэн сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-29 13:59:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д ажиглалтад байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Иргэд гамшгаас хамгаалах онцгой байдал зарласныг сайтар ойлгож эмнэлгийн ажилтан, онцгой байдлын алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр албаныхан уриаллаа.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар, коронавирусний халдварын нийт 83 694 тохиолдол батлагдаж 2 861 хүн нас барсан. Нийт 55 оронд бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Шинэ Зеланд, Нигери, Беларусь, Литва, Нидерланд, Азербайжан улсад халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 329 тохиолдол шинээр нэмэгдсэн нь сүүлийн сар гаруй хугацааны хамгийн бага тохиолдол болж байна. 21 улс оронд дотооддоо дэгдэлт байдлаар тархаж байна. БНСУ-д 571 тохиолдол нэмэгдэж, нийт 2337 тохиолдол болсон байна. Италид 250 хүн шинээр халдвар авч тохиолдлын тоо 560 хүрсэн. Иранд 104 тохиолдол шинээр нэмэгдэж нийт 245 тохиолдол, дахин 4 хүн нас барснаар энэ тоог 26 болгосон байна. Сүүлийн гурван хоногт шинээр халдвар бүртгэгдсэн орнуудад гаднаас буюу зөөвөрлөгдөн орж ирсэн. Италиас 24 тохиолдол 14 улсад тархсан бол Иранаас 97 тохиолдол дэлхийн 11 улсад тархсан байна. ДЭМБ шинэ коронавирусний тархалт болзошгүй нөлөөллөөс үүдэн дэлхийн нийтийн эрсдэлийн үнэлгээг хамгийн дээд хэмжээнд буюу маш өндөр гэж үнэллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Одоогоор Монгол Улсад коронавирусний халдвар бүртгэгдээгүй. Нийт 351 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад аваад байна. Сонгдо эмнэлэгт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн” гэсэн мэдээллийг өчигдөр авсан даруйдаа тухайн хүнийг болон сэжигтэй гэж үзсэн обьектыг тусгаарласан. ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг очиж ажилласан. Үе үе ханиалгаж, толгой өвдөж байгаа ч халуураагүй. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Жаргалтын амны сувилалд Тэгү-Бусаны чиглэлээс ирсэн 17 иргэн өчигдөр халууны мэдээллээ өгөхгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн. Үүнийг бид ЦЕГ-т мэдээлж, тусгаарлалтад байгаа хүмүүс иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэйг анхааруулсан. Халдварт өвчний эрсдэлт нөхцөл байдлын үед иргэний эрх гэж өөрийгөө өмгөөлөхөөсөө өмнө нийгмийн хариуцлагыг дагаж мөрдөх хэрэгтэй. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэд байрны нөхцөлийг голж тусгай шүршүүр шаардаж, мэргэжлийн эмч нарт үзүүлэхгүй гэсэн эсэргүүцэл гаргаж байна. Цэргийн төв эмнэлэгт ДЭМБ-ын зөвлөх эмчээр ажиллаж байсан эмч, H1N1 вирус, тахал өвчний үед ажиллаж байсан эмч сувилагч нар, энхийг сахиулахад оролцож байсан хурандаа нарыг сонгон хамгийн ур чадвартай, туршлагатай багийг томилон ажиллуулж байна. Тиймээс тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ажлыг хүндэтгэн, хамтран ажиллахыг хүсэж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д энэ сарын 27-ны өдөр тусгаарлагдсан 4 тохиолдол, Дорнод аймагт 1 нийт 5 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр ХӨСҮТ-д 34, Асралт мед эмнэлэгт 14, Сэлэнгэ аймагт 4, нийт 52 хүн ажиглалтад ороод байна. Иргэд онцгой байдал зарласан байгааг сайтар ойлгож хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна. Ажиглалтад байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэнээр ачаалал үүсэж байна. Энэ тархалт өвчин намдахад цаг хугацаа их орно, тэвдэж түргэдэх хэрэггүй. Өндөр зэрэглэлийн буудлын үйлчилгээг биднээс шаардахгүй байхыг хүсье. Эх орон, ард түмнийхээ төлөө дүрэм журмаа дагаж мөрдөнө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Монгол Улс Номхон далайн улс орнуудын баруун бүсэд харьяалагддаг.  Өчигдөр 37 орны эрүүл мэндийн сайд нар, ДЭМБ-ын Номхон далайн бүсийн байгууллагын захирал, доктор Такеши Касай болон ДЭМБ-ын заавар зөвлөмжийг хэрэгжүүлдэг бүх байгууллагын удирдлага, ажилчид видео хурал хийлээ. Хурлаар  коронавирусний халдварын талаар дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа талаар эрүүл мэндийн сайд нар туршлагаа хуваалцав. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол улсад коронавирусний халдварын эсрэг хэрэгжүүлж буй ажил, ДЭМБ-тай хамтран ажиллах талаар мэдээлэл солилцсон. Ингэхдээ хамгаалах хэрэгсэл хүрэлцээгүй, шаардлагатай тохиолдолд нэмэлт оношлуур, техник технологийн тусламжаар хангаж өгөхийг хүссэн. ДЭМБ-ын НДБ-ын байгууллагын захирал, доктор Такеши Касай, коронавирус бол дэлхий нийтэд тулгамдаж байгаа шинэ аюул. Дэлхийн шинжлэх ухаанд тодорхойлж чадахгүй зүйл их байна. Тиймээс дэлхийн ард түмэн сэтгэл санааны эв нэгдэлтэй байж энэ бэрхшээлийг хамтдаа давж гарах хэрэгтэй. Улс орон бүр бэлэн байдлаа хангах шаардлагатай. Хэрэв өвчлөлийн тохиолдол илэрвэл цааш тархаахгүй байх талаас нь өндөржүүлсэн хамгаалалтыг хийх хэрэгтэй гэдгийг анхааруулжээ. Мөн ДЭМБ манай улсын тавьсан чиглэлээр байнга хамтарч ажилладаг. Одоо ч гэсэн хамтран ажиллахаа илэрхийлсэн.

МХЕГ-ийн мэргэжилтэн Т.Төмөрбаатар: Сүүлийн 3 өдөрт нийт 219 сэжигтэй тохиолдол илрүүллээ. Улаанбаатар хотод ХӨСҮТ-д, аймаг орон нутагт эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. БНСУ руу зорчин Сөүлийн эмнэлгүүдэд ажлын туршлага судлахаар явсан Монгол Улсын иргэн энэ сарын 27-нд Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Ингэхдээ БНСУ-ын нислэгийг хаасан тул Казахстан улсаар дамжин ирсэн тохиолдол гарсан. Өчигдөр Алтанбулаг боомт дээр БНСУ-аас дамжин ирсэн хүмүүсийг хяналтад авсан. Монгол Улсын 4 иргэн энэ сарын 16-нд Тайланд руу аяллаар явсан байна. Сануулсаар байхад эрсдэлтэй газар руу явж байгаа нь асуудал үүсгэж байна. ОБЕГ, ЦЕГ, ТЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг хүндэтгэж саад учруулахгүй байхыг хүсэж байна. Гуравдугаар сарын 15-наас нүүрсний экспортын тээврийн байгууллагуудтай уулзалт хийж онцгой нөхцөлд хамтарч ажиллах хамтарсан журмыг гаргаж байна. Жолоочийн эрүүл мэнд аюулгүй байдал маш чухал байгаа тул мэргэжлийн байгууллагатай бүх талаар хамтарч ажиллахыг хичээж байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн онгоц, тээврийн хэрэгслүүдийг ариутгаж байна. 

Б.Содгэрэл

Холбоотой мэдээ