Голомттой бүсээс ирж буй иргэдийг Монгол Улс рүү оруулахгүй байх арга хэмжээг авч байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-29 15:31:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь төмөр замын шалган нэвтрүүлэх “Сүхбаатар боомт”-оор ОХУ-ын Эрхүү хотоос Улаанбаатар чиглэлд аялах 306 дугаар галт тэрэг 88 зорчигчтойгоор энэ сарын 28-ны оройн 22.20 цагт Сүхбаатар боомт дээр ирсэн байна.

Энэхүү галт тэргэнд Монгол Улсын 56, ОХУ-ын 20, Индонезийн гурав, Нидерландын дөрөв, Францын гурав, АНУ-ын нэг, Герман улсын нэг иргэн зорчиж байсан аж. Эдгээр зорчигчийн биеийн халууныг хэмжин “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг бөглүүлэн асуумж судалгаа аван тандалт хийн нэвтрүүлсэн аж. Дээрх иргэдэд тандалт хийх явцад Монгол Улсын дөрвөн иргэн Улаанбаатараас голомттой бүс нутаг болох Солонгос Улсын Инчеоны нисэх буудлаар дамжин Тайландад 10 хоног аялаад, ОХУ-аар дамжин ирсэн нь тогтоогдсон тул тусгаарлалтад авсан гэнэ. Голомттой бүсээс ирж буй иргэдийг аль болох Монгол Улс буюу улсын нийслэл рүү оруулахгүй байх арга хэмжээг чанд биелүүлэн ажиллаж байгаа юм.

Ташрамд дуулгахад энэ дөрвөн иргэнээс ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй, зөвхөн Солонгос Улсын Инчеоны нисэх буудлаар дамжин ОХУ-д саатсан гэдгээр нь сэжигтэй хавьталд тооцон тусгаарлах арга хэмжээ авч байгаа юм байна. Эдгээр иргэдийн шинжилгээг өнөөдөр Улаанбаатар хот руу явуулжээ. Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ руу 46 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн аж. Эдгээрээс Монгол Улсын иргэн 41, гадаадын  44, нийт 85 зорчигч нэвтэрчээ. Харин ОХУ-аас Монгол Улс руу 52 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Үүний 54 нь Монгол Улсын, гурав нь гадаадын нийт 87 зорчигч нэвтэрсэн байна. Зорчигчдын биеийн халууныг хэмжин 87 зорчигчоос эрүүл мэндийн мэдүүлэг авч үйлчлэхэд халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй ажээ. Мөн энэ сарын 27-ны өдөр ОХУ-аар дамжин ирсэн 11 иргэдээс дөрвөн иргэн тусгаарлагдаад байгаа тухай өмнө мэдээлсэн. Эдгээр иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-д илгээхэд сөрөг хариу гарчээ.  

Холбоотой мэдээ