Мал төллөлт 11,4 хувьтай

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-03-23 12:15:01

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн салбарт өрнөж байгаа ажлаас тоймлон хүргэе. Дорноговь аймагт энэ онд 4231 малчин өрхийн 2.4 сая толгой мал хаваржиж байна.

Оны эхэнд 1010649 толгой хээлтэгч тоологдсон бөгөөд үүнээс төллөвөл зохих 803601 толгой эх мал буй. Харин энэ оны гуравдугаар сарын 19-ний байдлаар аймгийн хэмжээнд 91227 эх мал төллөжээ.

Үүнээс  720 ботго,  238 унага, 1179 тугал, 53757 хурга, 35594 ишиг нийт 91488 төл хүлээн авсан байна. Мал төллөлт аймгийн хэмжээнд 11,4 хувьтай, төл бойжилт 99,9 хувьтай байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Том малын зүй бус хорогдлоор таван үхэр, 25 хонь, 74 ямаа бүгд 104 толгой мал хорогдсон байна.

 Гадны аймгийн 133.8 мянган толгой мал хаваржиж байна

Аймгийн хэмжээнд нийт 355 өрхийн 211.1 мянган толгой мал өөрийн аймгийн сумдад оторлож байна. Үүнээс хилийн зурваст  таван сумын 102 өрхийн 95.3 мянган мал, өөрийн аймгийн бусад суманд долоон сумын 160 өрхийн 78.9 мянган мал, өөр аймагт дөрвөн сумын  44 өрхийн 18.8 мянган  мал хаваржиж буй.

Даланжаргалан, Айраг, Алтанширээ Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн суманд  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн 142 өрхийн 133.8 мянган толгой мал хаваржиж байна. Одоогийн байдлаар аймгийн Аюулгүйн нөөцийн өвс дуусчээ. Сумдын аюулгүйн нөөцөд 269.1 тн өвс, 61.6 тн тэжээл, малчдын түвшинд 3438.3 тн өвс, 306.2 тн үйлдвэрийн тэжээл, 145.5 тн хужир шүү байна.


Нийт малчдын 77.8 хувьд Масс мессеж үйлчилгээ хүргэжээ


Орон нутгаас “Мобиком”, “Скайтел” компанитай гэрээ байгуулан  Масс мессеж үйлчилгээг нэвтрүүлэн нийт малчин өрхийн 77.8 хувийг хамруулсан байна.

Мал аж ахуйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээллийг малчдад шуурхай хүргэх зорилгоор 5.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн аж.

Өнгөрсөн оны мал тооллогоор аймгийн нийт малчин өрхийн 84.5 хувь нь цахилгаан эх үүсвэртэй, 77.2 хувь нь телевизортой, 62.1 хувь нь автомашинтай, 70.9 хувь нь мотоциклтой, 100.0 хувь гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Нийт өрхийн дүнд эзлэх хувийг өмнөх онтой харьцуулахад цахилгаан эх үүсвэртэй өрхийн тоо 6.1 пункт, телевизортой өрхийн тоо 6.6 пункт, мотоциклтой өрхийн тоо 9.3 пункт, автомашинтай өрхийн тоо 8.4 пунктээр тус тус өсчээ.


Нас гүйцсэн ат 1.5 сая төгрөгийн үнэтэй


Дорноговь аймагт малын зах зээлийн дундаж үнийн мэдээгээр нас гүйцсэн ат Алтанширээ суманд хамгийн их буюу 1.5 сая төгрөг, Дэлгэрэх, Сайхандулаан, Хатанбулаг, Эрдэнэ суманд хамгийн бага буюу нэг сая төгрөг байна.

Харин соёолон үрээ Алтанширээ, Иххэт, Өргөн, Замын-Үүд суманд хамгийн үнэтэй буюу нэг сая төгрөг, Мандах, Сайхандулаан, Эрдэнэ суманд хамгийн бага буюу 700.0 мянган төгрөг, хязаалан гуна Айраг суманд хамгийн их буюу хоёр сая төгрөг, Хөвсгөл суманд хамгийн бага буюу 900 мянган төгрөг байна.

Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Айраг, Иххэт, Замын-Үүд суманд хамгийн их буюу хоёр зуун мянган төгрөг, Хатанбулаг суманд хамгийн бага буюу 120.0 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Айраг, Дэлгэрэх, Замын-Үүд суманд хамгийн их буюу 150.0 мянган төгрөг, Алтанширээ, Иххэт, Өргөн, Сайхандулаан суманд хамгийн бага буюу 100.0 мянган төгрөг тус тус байна.


Нийт малчдын 42.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна


Дорноговь аймгийн нийт малчдын 2958 буюу 42.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 30.6 хувь нь 16-34 насны, 53.7 хувь нь 35-59 насны, 15.6 хувь тэтгэврийн насны хүмүүс байна. Жилийн дөрвөн улирлын туршид мал аж ахуй эрхэлдэг малчдын 96.9 хувь нь 2019 онд үндсэн малчин, 3.1 хувь нь туслах малчид байна.

Малчдын боловсролын түвшинг 2018 оны байдлаар авч үзэхэд 23.9 хувь нь бага, 40.3 хувь нь суурь боловсролтой, 22.5 хувь нь бүрэн дунд, 6.2 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 3.2 хувь нь дээд боловсролтой байгаа бол 4.0 хувь нь боловсролгүй байна.


Холбоотой мэдээ