Товчоодод ажиллаж буй албан хаагчдад урамшууллын мөнгө олгож байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-03-28 22:28:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэг, “Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа.

Гүнт дэх хяналтын цэгт өдөрт зургаан албан хаагч шалгалт хийж байна. Уг товчоо Ар гүнт, Өвөр гүнтийн зуслан руу чиглэсэн хөдөлгөөн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас ирэх зорчигчдын урсгал ихтэй. Өдөрт дунджаар 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 6000 гаруй зорчигч орж, гардаг байна. “Албан хаагчдыг ам болон нүүрний хаалт, дүрэмт хувцас зэрэг хамгаалах хэрэгслээр хангаж байгаа” хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн Эрүүл мэндийн зохицуулагч Г.Эрболд хэллээ. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, “Албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хоол болон урамшууллын мөнгийг тогтмол олгож, товчооны байрны орчин нөхцөлийг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах ёстой”-г анхааруулав.      

Үүний дараагаар “Оргил, Налайх” шалган нэвтрүүлэх товчоог зорив. Өнөөдөр 17 цагийн байдлаар тус товчоогоор 979 тээврийн хэрэгсэл орж, 1351 нь гарсан бол 3164 зорчигч орж, 4455 зорчигч гарсан байна. Амралтын өдрүүдэд иргэдийн орох, гарах хөдөлгөөн ихэсдэг бөгөөд ялангуяа Тэрэлжийг зорих хөдөлгөөн нэмэгддэг гэдгийг албаныхан хэллээ.

Харин эрүүл мэндийн байгууллагаас нийт 12 албан хаагч ажиллаж байна. Амны хаалт болон бээлийг өдөр бүр тарааж, хамгаалах хэрэгслээр хангаж байгаа бөгөөд өдрийн 3 хоолтой аж.

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ямарваа нэг эрсдэл гарч, өвчин халдварлалаа гэхэд эдгээр товчооны албан хаагчид аюулд өртөх магадлалтай. Иймд тэдний хамгаалах хэрэгсэл, хувцас, амны хаалтны хангамж, хоолны чанар маш сайн байх ёстой. Товчоодод ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, амны хаалт, хувцас, хоол болон урамшууллын зардлыг НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргаж байгаа юм. Иймээс амин дэмтэй хоол хүнсээр хангах, урамшууллын мөнгийг нь олгох, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахих  нь зүйтэй. Мөн хамгаалах хувцсыг угааж, ариутгах шаардлагатай. Хүн хүч хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлт хүч ажиллуулаад дараалал үүсгэхгүйгээр зэрэг зэрэг асуумж бөглүүлээд, хянах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд маш сайн хянаж, иргэдээс асуумж судалгааг авах хэрэгтэй” гэдгийг санууллаа.  

Ташрамд дурдахад, Улаанбаатарын шалган нэвтрүүлэх товчоодын урсгал хөдөлгөөний тандалт судалгаа өвчлөл гарсан тохиолдолд халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг хурдан хугацаанд олж тогтоох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор НЗДТГ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Тэдний тавьж буй асуумж-аргачлалын үр дүнд цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата санг үүсгэх аж.  

  

Холбоотой мэдээ