“Хүмүүн бичигтэн” хамт олон боллоо

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-30 12:07:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургууль "Хүмүүн бичигтэн" хамт олон боллоо. 

Сургуулийн багш, ажилчид МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг тогтмол захиалан уншиж эхэлсэн бөгөөд жилдээ сургуулийнхаа номын санд нэгийг захиалж хадгалдаг байна. Мөн өнгөрсөн жил нэг ангийн бүх сурагч тус сониныг захиалан уншиж байсан бол энэ оноос бүх багш, ажилчид нь захиалаад байгаа юм.

Захиалсан сониноо өөрсдөө уншихаас гадна монгол хэлний багш нар нь сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. Мөн монгол хэл бичгийн багш нар нийт багш, ажилчдаа хуваарилан авч тэдэнд зааж сургахаас гадна 7 хоногт 1 удаа монгол бичгээ давтах сургалтыг зохион байгуулдаг ажээ. 

Тус сургууль нь 1927 онд байгуулагдсан бөгөөд 1951 оноос бүрэн бус дунд сургууль, 1966 онд 8 жилийн, 1980 онд 10 жилийн дунд сургууль болж 1992 он хүртэл Өлзийт, Өгийнуур сумын сурагчид суралцдаг тойргийн хэмжээний томоохон сургууль болсон юм. Одоо тус сургууль 760 хүүхдийн суудал бүхий хичээлийн 2 байранд 20 бүлэгт 537 сурагч суралцаж, 37 багш, удирдах ажилтан, 27 ажилчинтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургуульд “Алтан гадас” одонт болон Хөдөлмөрийн хүндэт медальтай 5, магистр багш 5, Боловсролын тэргүүний ажилтан 18, Биеийн тамирын тэргүүний ажилтан 2, Тэргүүлэх зэрэгтэй багш 6, заах аргач багш 18 ажиллаж байна.

Сургуулийн бүтээлч хамт олон боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлэн "Суралцах чадвартай, эерэг хандлагатай, эрүүл чийрэг бие бялдартай монгол хүүхэд" төлөвшүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна. Тус хамт олон  2012 онд "Аймгийн тэргүүний сургууль", 2019 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн.


Холбоотой мэдээ