Нийслэлийн Засаг дарга шууд мэдээлэл хийв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-03-30 12:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч О.Амарсайхан шууд мэдээлэл хийж байна. Тэрээр 7 хоног бүр иргэдэд мэдээлэл өгч байхаар болсон бөгөөд өнөөдөр, шинэ 7 хоногийн эхний өдөр эхлүүлж байна. 

Тэрээр, Улаанбаатар хотынхон "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд удирдлагаас эхлээд орон сууц, гудамжны хороо хүртэл, дээр, дооргүй цаг алдалгүй үйл ажиллагаа явуулж, ард иргэд ч өндөржүүлсэн бэлэн байдлын горимыг дор бүрнээ сахин сайн дэмжин, төр, захиргаа, эмнэлгийн байгууллагынхан тууштай ажиллаж буйг онцлов. 

Цаашид өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж буй тул горим дэглэмийг сахиж, урин дулаан ирж буйтай холбогдуулан "COVID-19"-ийн эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөжүүлж, гэр хорооллын айл өрхийн хашаа, бие засах газрыг хамруулна гэв. Тэрээр хорооны ажилтнуудыг улсын байцаагчийн эрхтэй ажиллуулж, горим зөрчиж буй үйлдэл бүрт арга хэмжээ авахуулна гэв. Ариутгал халдваргүйжүүлэлтийг цаашид жил бүр хийхээ мэдэгдэв. 


НОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахдаа, стандартад нийцсэн фитнес, саун, соёл урлагийн газарт 2-3 хүн цуглаж болох юм гэж тооцоолж байсан хэдий ч мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөж, "COVID-19"-ийн тархалтын 2 дахь үе шат бүхий давалгаа Европоос Ази руу шилжин орж ирж байгаатай холбогдуулан  өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.


Тодруулбал, олон нийт цуглаж болох газар, фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориог 4 дүгээр сарын 30 хүртэл сунгаж байна.


"Нийслэлээс энэ онд төлөвлөсөн ажлууд хийгдэнэ. Хотын төсвийг эргэн харах ч боломжтой. Энд хувийн хэвшлийнхнийг түлхүү оролцуулж хамтран ажиллана. Үндэсний үйдвэрлэгч, дотоодын ААН-үүдээс худалдан авалт хийнэ" гэдгээ мэдэгдлээ. 

"COVID-19"-ийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлага хотын иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй болсон. Энэ цаг үед хотын Захирагч С.Амарсайхан 7 хоногт 1-2 удаа цаг үеийн нөхцөл байдал, хотоос хийж буй ажлын талаар цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтийг нь сонсож, сонирхсон асуултад нь хариулж байх юм. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны 3 давхарт хийж, “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжууллаа. 

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ