Нью-Йоркт хөдөлгөөнт эмнэлэг байгуулж эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-03-30 13:59:33

НЬЮ-ЙОРК. /New York Post/. Коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаа Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнд хөдөлгөөнт эмнэлэг барьж эхэлжээ. 


Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт байрлах уг эмнэлэг нь 68 ортой, 14 майхнаас бүрдэнэ. Мөн биеийн байдал нь хүнд байгаа өвчтөнүүдэд зориулж хиймэл амьсгалын 10 аппаратаар тоноглох аж. Уг эмнэлгийг барих ажил ням гарагт эхэлж, 24 цагийн турш үргэлжилж байгаа бөгөөд 48 цагийн дараа буюу мягмар гаргийн өглөө гэхэд бэлэн болох ажээ. Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг христийн шаншны “Samaritan's” байгууллагын байгуулж буй энэхүү эмнэлэгт АНУ-ын янз бүрийн бүс нутгаас ирсэн эмч, сувилагчид бүхий 70 хүний бүрэлдэхүүнтэй баг зөвхөн коронавирусний халдвар авсан хүмүүсийг эмчлэх юм. Халдвар авсан хүмүүсийг ор эсвэл эмч хүрэлцэхгүй байгаа ойролцоох эмнэлгүүдээс авчрах төлөвтэй байна. 


Нью-Йорк хот нь коронавирусний халдварын томоохон голомт болоод байгаа юм. Тус хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 32308 болж, 678 хүн нас баржээ. Хотын эрх баригчид гурван долоо хоногийн дараа эхэлнэ гэж тооцоолж байгаа, халдварын тархалтын оргил үед яаравчлан бэлтгэж байна.


Нью-Йоркт мөн нэмэлт эмнэлэг байгуулахаар инженерийн цэргүүдийг илгээжээ. Түүнчлэн даваа гарагт 100 ортой, “Comfort” эмнэлгийн хөлөг онгоц тус хотод ирэх бөгөөд энд коронавирусгүй өвчтөнүүдийг хэвтүүлнэ.


АНУ-д коронавирусний халдварын 140 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 2400 гаруй хүн нас баржээ. Америкт коронавирусний халдвараар өвчлөгсдийн нас баралт хоёр долоо хоногийн дараа дээд цэгтээ хүрнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна.

Холбоотой мэдээ