Иргэдийнхээ дархлааг дэмжих зорилгоор цахим хичээл явуулж эхэлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-30 16:21:10

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн үед иргэдийн эрчимтэй хөдөлгөөнийг дэмжих цахим хичээлийг явуулж эхэлжээ.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, "Амка Dance” сургалтын төв, Л.Ванганы нэрэмжит Хөгжим жүжгийн театр, Ахмадын ордон хамтарч цахим хичээлийг эхлүүлжээ. Цахим хичээлээр бүх насныханд зориулсан бүжгийн хөдөлгөөнийг зааж байгаа. Цахим хичээл явуулж эхэлснээр иргэдээс Монголын язгуур урлагийн нэгэн төрөл болох бий биелгээг онлайнаар заахыг хүссэн.  Тиймээс өдөр бүрийн цахим хичээлд заавал бий биелгээг оруулсан. Ер нь бий биелгээ нь хүний бүх булчинг нэгэн зэрэг ажиллуулахаас гадна бүх насныханд тохирсон хөдөлгөөнүүдтэй байдаг онцлогтой.

Мөн хөдөлгөөний эвсэлтэй болох, хувь хүний дотоод сэтгэл гэрлэн бүрхүүлийг бүрэн сэргээдэг. Сүүлийн үед эмч нар бий биелгээгээр хичээллэхийг ихээр зөвлөж байна. Учир нь биелгээ хийснээр хөдөлгөөний дутагдалтай хүмүүсийн хувьд нурууны мурийлт болон суулт, хүзүү байнга хөшиж чилэх, хөөрөх шинж тэмдэг болон цаашлаад бөгтөр нуруутай болохоос урьдчилан сэргийлдэг. Бий биелгээ нь хүний биеийн үе мөчийг нэг бүрчлэн хөдөлгөдөг. Дархлааны тогтолцоог бэхжүүлж, хүний биеийг зөв хөгжихөд тусалж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хоолны дуршил болон сэтгэл санааг тогтворжуулдаг. Өв тэгш бие галбиртай болж таргалалтаас ангижирна гээд идэвхтэй хөдөлгөөнөөр оюун санааны хувьд илүү өөдрөг үзэлтэй болж, амьдралын идэвх нэмэгддэг давуу талтай хэмээн "Амка Dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал хэлэв.

Ташрамд, Covid-19 халдвараас урьдчилан сэргийлж олноороо нэг дор цугларахгүй байх шийдвэрт нийцүүлэн дээрх арга хэмжээг эхлүүлжээ. Иргэдийнхээ дархлааг дэмжих, тэднийг гэртээ идэвхтэй хөдөлгөөнөөр тасралтгүй хичээллэх боломжийг олгоод буй цахим хичээлд өнөөдрийн байдлаар 80 гаруй хүн нэгджээ.  

 

Холбоотой мэдээ