Ижийдээ ус уулгах гэж бүтээсэн “Алтан аяга”

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-30 16:48:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй олон үнэт, ховор нандин үзмэрүүдийн нэг бол энэхүү алтан аяга юм. Дархан Б.Хүрэлбаатар шаазан аягыг мөнгөлж, алтаар шаржээ. Тэрээр энэхүү бүтээлээ “Ижийгээ амьдад нь алтан аяганаас ус уулгая” гэж бодон урласан байна.

Аяганы хийцийн хувьд луун хээ бүхий шаазан аягыг мөнгөлж, алтаар шарсан. Аяганы ёроолд утсан сүлжээгээр хорол эрдэнийг хийж, голд нь шүр шигтгэжээ. Аяганы туурганы ирмэгээр давхар хумсан хээ болон гол хэсэгт угалзан хээг хөндий байдлаар хийж чимсэн. Зээг ороож чимэглэл хийсэн учраас маш нарийн, бас тансаг хийцтэй гэж үздэг байна.


Дархан Б.Хүрэлбаатар “Энэхүү алтан аягыг ижийгээ амьдад нь алтан аяганаас ус уулгая” гэж бодон бүтээсэн түүхтэй. Би 1986 онд 21 настай залуу Халзан суманд багшаар ажиллаж байхдаа цагаан сарын золголтоор ахмад багш н.Цэрэндоржийнд орж, мөнгөлсөн луутай шаазан аяга байсныг харсан юм. Тэр аягыг би маш их сонирхож, алдарт дархан М.Балдан-Осорын хийцийн аяга байсныг олж мэдсэн юм.Тэгээд л шаазанг ингэж алт мөнгөөр бүрж болох юм байна гэдэг санаа төрсөн. Шаазангаа гэмтээхгүй мөнгөөр бүрнэ гэдэг асар их ур ухаан, тэсвэр тэвчээр басхүү чадвар шаарддаг. Энэ алтан аягыг бүтээхдээ гурван сарын хугацааг зарцуулж байсан” хэмээн ярьсан байна.  

Б.Хүрэлбаатар нь 1981 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран дархны ангийг төгсжээ. Түүний хувьд ихэвчлэн алт, мөнгөөр ээмэг, бөгж, аяга зэргийг урладаг дархан юм.

Холбоотой мэдээ