"Барселона" клубийн тоглогчид цалингийнхаа 70 хувиас татгалзжээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2020-03-31 12:33:50

МОСКВА. /RIA Novosti/. Коронавирус тархсаны улмаас санхүүгийн хүнд байдалд орсонтой холбоотойгоор Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубийн тоглогчид цалингаа 70 хувиар бууруулж, мөн клубийн ажилтнуудад цалингаа бүрэн авахад нь санхүүгийн туслалцаа үзүүлнэ гэж тус багийн ахлагч Лионель Месси мэдэгджээ.


"Барселона" клуб дор хаяж 100 сая еврогийн алдагдал хүлээнэ гэж “Marca” сэтгүүл урьд нь мэдээлсэн байна. Энэ нь тус клубийн 2019-2020 улирлын төсвийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Клубийн захирлуудын зөвлөл тоглогчидтой байгуулсан гэрээг түр цуцлах боломжтой системийг боловсруулж байгаа бөгөөд энэ нь хүлээсэн алдагдлаа нөхөхөд нь тус болох аж.


“Клуб дотор биднийг томруулдаг шилэн дор тавьж, дарамтлахыг оролддог хүмүүс байдаг нь биднийг үргэлж гайхшруулдаг. Бид юу хийхээ үргэлж мэддэг байсан. Гэрээг хэд хоногоор хойшлуулсан. Учир нь бид хүнд хэцүү энэ цаг үед клубдээ туслах гарц гаргалгааг хайж байсан. Бидний хувьд цалингаа 70 хувиар бууруулахаас гадна клубийн ажилтнууд цалингаа 100 хувь авахад нь хувь нэмрээ оруулна гэдгийг миний зүгээс мэдэгдэх цаг нь боллоо” гэж Месси "Instagram" хуудсандаа бичсэн байна.

Холбоотой мэдээ