Хориглосон хугацаанд архи согтууруулах ундаа худалдсан долоон аж ахуй нэгжийг торгожээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-01 11:24:12

Ховд/МОНЦАМЭ/. Архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон хугацаанд долоон аж ахуйн нэгж зөрчил гаргажээ. 

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг гуравдугаар сарын 16-30-ны өдөр хүртэл түр хориглосон билээ.  

Энэ хугацаанд цагдаагийн газар болон бусад мэргэжлийн байгууллагууд тогтмол хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад нэр бүхий долоон аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил илрүүлснээр "Зөрчлийн тухай хууль"-ийн холбогдох заалтын дагуу нийт 6 сая 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан аж.

Сүүлийн үед иргэд ахуйн хүрээнд архидан согтуурах, хэрүүл маргаан үүсгэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил нэлээд гарч байгаа аж.

Тиймээс иргэд аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа борлуулсан, түүгээр үйлчилсэн эсвэл хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарж буй зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 7043102, 99431111 утсанд холбогдож өгөх боломжтой.   

Холбоотой мэдээ