Англид болсон ХХ зууны хамгийн алдартай “хууралт”

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2020-04-01 11:56:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн нийтээрээ жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдрийг олон улсын инээдмийн баярын өдөр хэмээн нэрлэдэг. 


Монгол Улсын хувьд Инээдмийн баярын өдөр”-ийг сүүлийн 30 шахам жил тэмдэглэж ирсэн бөгөөд ялангуяа хошин урлагийнхан жил бүрийн шинэ тоглолтуудаа толилуулдаг уламжлалтай. 


Инээдмийн баярын өдрийн тухай олон түүх байдгаас сөхвөл, францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулснаас үүдэлтэй гэдэг. XVI зууны II хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтаж байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан ч зарим нь уг шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ “дөрөвдүгээр сарын загас” залгиулсаар байв. Үүнийг шоглосноос “Тэнэгүүдийн өдөр” хэмээх нэр ч гарчээ. Ер нь Европын ихэнх оронд тэнэгүүдийн өдөр гэдэг.

 

Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Лондон хотод 1860 оны энэ өдөр хэвлэгдэн гарсан нэгэн сонинд хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өгүүлснийг өнөөг хүртэл дурсан ярьцгаадаг. Тус сонинд “Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт жил бүр болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларч байжээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэж нэрийддэг ч бие биеэ хуурсаар л байдаг байна.



Энэ өдөр дэлхийн хэвлэл мэдээллээр хүмүүсийг хуурч, төөрөгдүүлж байсан тохиолдлуудаас сонирхуулж байна.


“Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд байрлуулах гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн гэдэг.


Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина. Цамхаг байсан газар нь 1992 оны олимпын наадмыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргаж байжээ.


Англид болсон ХХ зууны хамгийн алдартай “хууралт”-ын нэг нь, 1957 онд “BBC” теле компани гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлсэн мэдээ байв. Швейцарьт гоймон маш их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд “Энэ өвөл дулаахан байсан тул фермийн аж ахуйтнууд гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа” гэжээ. Харин уншигчид энэ мэдээнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж ВВС компани руу утасдаж байжээ. Хариуд нь “Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зөвлөсөн гэдэг.

Холбоотой мэдээ