Д.Батдэлгэр: Өнгөрсөн онд Тусгай хамгаалалттай газар нутагт 23920 жуулчин ирсэн

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-04-01 17:52:52

Завхан /МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь өнгөрсөн жил төлөвлөсөн ажлуудаа амжилттай хийж хэрэгжүүлжээ. Тиймээс хамгаалалтын захиргаанаас өнгөрсөн онд болон өнөөдрийн байдлаар шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажлуудын талаарх мэдээллийг тус захиргааны дарга Д.Батдэлгэртэй уулзаж тодрууллаа.

 

-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе? Юуны өмнө байгууллагынхаа үйл ажиллагааны зорилго чиглэлийн талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Манай байгууллага нь Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль, түүх, соёлын баялаг өвд түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг байж, ард иргэд нь байгальтайгаа харилцан шүтэлцэж, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх алсын хараатай ажиллаж байна.

Энэхүү алсын хараагаа хэрэгжүүлэхийн тулд хамгаалалтын захиргааны менежментийн чадавхыг сайжруулах, байгалийн нөөцийн хамгааллын менежментийг хэрэгжүүлэх, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг боловсонгүй болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Манай байгууллага өнөөдрийн байдлаар Отгонтэнгэрийн Дархан цаазат газрын 192748 га, Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын 203000 га буюу Идэр, Алдархаан сумын нутаг, Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газрын 253800 га гээд нийт 149548 га газар нутгийг хариуцан ажиллаж байна.

2018 онд манай Хамгаалалтын захиргаа нь хийж хэрэгжүүлж буй ажлаа 90,7 оноотой сайн дүгнүүлсэн. Харин 2019 онд нийт 36 нэрийн бүтээгдэхүүн, тусгай захиалгат зургаан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хугацаандаа 100 хувь биелүүлсэн дүнтэй ажилласан байна.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн  сүлжээг өргөжүүлэх, менежментийг сайжруулах төрийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж  байна вэ?

-Тусгай хамгаалалтай газар нутгийн үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх асуудлаар “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 25 хувьд хүргэнэ” гэж тусгасан байдаг.


Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд: УИХ-ын  2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Отгон сумын 102000 га талбайг Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авсан.

Үүний үр дүнд Завхан голын усны горим, нөөцөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг Буянт голын эх, түүний цутгал олон гол горхи болон тэдгээрийг тэжээж буй мөстлийн гаралтай олон арван нуур бүхий нутгийг Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөлд хамруулснаар цэнгэг усны ихээхэн нөөцийг хамгаалах, нөгөөтэйгүүр манай орны хамгийн том уулт систем болох Хангайн нурууны өндөр уулсын экосистемийн төлөөллүүд тус дархан цаазат газарт бүрэн хамрагдаж байгаа юм.

Мөн Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг өргөтгөснөөр Хангайн мужид явагдах байгалийн хам бүрдлүүд, тэдгээрийн хооронд явагдах харилцан үйлчлэл, зүй тогтлыг байгалийн өөрийнх нь хөгжил, хөдөлгөөнд иж бүрэн судлах нөхцөл бүрдэнэ.

Мөн энд орогнон байрших, өсөн үржих ховор, ховордож буй амьтан, ургамлыг амьдрах орчинтой нь цогцолбороор хамгаалснаар тэдгээрийн тоо толгой, тархац нутгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн үр дүнтэй ажил болсон.

Ингэснээр Отгонтэнгэрийн Дархан цаазат газар нь Отгон, Алдархаан сумын зарим газар нутгийг хамран нийт 192748 га талбайг хамарч байгаа юм. 

-Хамгаалалтын захиргаанд хэрэгжиж буй төслийн талаар товч мэдээлэл өгөөч? 2019 онд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Юуны өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын менежментийг хэрэгжүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг олгож буй БОАЖЯ болон БОЯБХУАӨДЗ төслийн хамт олонд Хамгаалалтын захиргааны албан хаагчдын өмнөөс талархал илэрхийлье.

Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл 2017 оноос хэрэгжиж байна. 2019 онд байгаль хамгаалагч хяналтын зургаан байр, Отгонтэнгэр уулын өвөр хэсэгт  Сургалт, мэдээллийн төв нэгийг барьж ашиглалтад оруулсан. Нийт 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Төсөл хэрэгжсэнээр  хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, шаардлагатай техник хэрэгсэл, хувцас, тоног төхөөрөмж, тогтвор суурьшилтай  ажиллах амьдрах ая тухтай орчин бүрдэж байна. Сургалт, мэдээллийн танхимаар дамжуулан аялагчдад мэдээлэл өгөх,  30 хүртэлх хүний сургалт зохион байгуулах боломжтой юм.

-Эгч дүүс паркийн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2017 онд Отгонтэнгэрийн Улсын Тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа болон АНУ-ын Денали үндэсний парктай эгч дүүс парк болж хамтран ажиллаж байна.


Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны зүгээс 2019 он гарснаар долоон удаа цахим хэлбэрээр холбоо тогтоож ажилласан. Денали парктай хамтарч паркуудын танилцуулга бүхий ном, зургийн цомог гаргах санал тавьсан. Саналыг дэмжээд Денали паркийн зүгээс номд орох мэдээлэл, болон байгалийн гэрэл зураг авах ажилд National Geographic сувагт ажилладаг Matthias Breither-ийг явуулж ажиллуулсан байгаа.

Matthias Breither нь гурван удаа буюу 5, 8, 10-р сард Монголд ирж хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нартай хамтарч Отгонтэнгэрийн дархан цаазат газарт явж судалгаа, байгалийн болон ан амьтны гэрэл зургуудыг авч ажилласан. 

Энэ танилцуулга бүхий ном, зургийн цомгийг 2020 онд гаргаж олон нийтийн хүртээл болгоно. Цаашид эгч дүүс паркийн хүрээнд мэргэжилтнүүдийг  харилцан туршлага судлуулж солилцон ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа өнөөдрийн байдлаар өөрийн хариуцдаг газруудад хяналт шалгалтыг нийт хэчнээн удаа хийв?

-Манай байгууллагаас 2019 онд Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газрын чиглэлд таван удаа 22 хоног, Отгонтэнгэрийн Дархан цаазат газрын Отгоны өвөр хавиар нийт найман удаа 33 хоног ажиллаж хяналт шалгалтыг хийсэн байна. Мөн Богдын гол чиглэлд долоон удаа 17 хоног, Тарвагатайн Нурууны байгалийн цогцолборт газрын Улаан хаалганы чиглэлд нийт таван удаа 11 хоног, ТНБЦГ-ын Идэрийн чиглэлд гурван удаа 12 хоног ажилласан байна.

Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу орон нутагт нийт 28 удаагийн хяналт шалгалтаар тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, ажилчид нийт 95 хоног ажиллаж хариуцдаг газартаа хяналт шалгалт, судалгаа хийжээ.

Энэ үеэр нийт 456  иргэнд  хуулийн болон цаг үеийн  ухуулга сурталчилгаа  хийсэн байна.

Хамгаалалтын захиргааны  байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа бие даасан хяналт шалгалтыг нийт 333 удаа, хамтарсан шалгалтыг 71 удаа нийт 404 удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 2565 орчим иргэнд тусгай хамгаалалттай газар нутгийн хууль болон түүнтэй холбогдох хууль тогтоомж дүрэм журмыг сурталчлан ажилласан байна.

-Ер нь танай байгууллагаас иргэдийг мэдээлэлжүүлэх соён гэгээрүүлэх талын ажлыг жилд хэдэн удаа хийдэг вэ? Үр дүн гардаг уу?

-Манай байгууллагаас мэдээлэл, сурталчилгааны ажлыг иргэдэд болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, их дээд сургуулийн оюутнууд, орчны бүсийн сум, багийн иргэдэд чиглэгдэж хийдэг байгаа. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдол үнэ цэн, тогтвортой хөгжлийн боловсрол олгох, байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг олон нийтэд сурталчлах, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль бусад холбогдох хууль, дүрэм журам, цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор маш олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. 2019 онд Хамгаалалтын захиргаанаас байгаль орчны боловсрол олгох сургалтыг зургаан удаа, танин мэдэхүйн АХА тэмцээнийг хоёр удаа, ерөнхий боловсролын сургуулийн багш нартай  уулзалтыг гурван удаа,

Байгаль орчны тэмдэглэлт өдрөөр зургаан арга хэмжээ, нэг удаа экологийн олимпиад, нэг удаа дэвжээ тэмцээнийг, Байгаль орчны нээлттэй өдөрлөгийг дөрвөн удаа,  

Тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах сурталчилгааны найман ажил гээд нийт 31  удаагийн арга хэмжээг зохион байгуулж нийт  840  хүн хамрагдсан байна.

-2019 онд Тусгай хамгаалалттай газар нутагт хэчнээн жуулчин аялсан бэ? Эдгээр жуулчид ер нь ямар маршрутаар аялдаг юм бэ?

-Өнгөрсөн онд Тусгай хамгаалалттай газар нутагт дотоодын 23154, гадаадын 766 нийт 23920 жуулчин ирсэн байна. Эдгээр жуулчид, аялагчид нь Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын отгоны өвөр чиглэл, Даян, Богдын гол чиглэл, Улаагчны хар нуурын Байгалийн цогцолбор газрын Хар нуур чиглэл, Баян нуур, Мухартын чиглэлд аялсан байна. Энэ бол манай байгаль хамгаалагчдын бүртгэл, судалгааны дүн юм. Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчид аялах нь ихэссэн.

Манай Хамгаалалтын захиргаанаас ирсэн жуулчдад тухайн газар нутгийн талаар болон аяллын зам чиглэл, үзэх зүйл, хоноглох, отоглох цэг, аяллын явцад аюулгүй байдлаа хэрхэн хангах, аялах явцад хог хаягдал хаяхгүй, тухайн газар нутаг маршрутын танилцуулга, зааварчилгааг нэг бүрчлэн өгдөг. Улмаар бүртгэл хийж аялагчдыг гарын авлагаар хангаж мэдээлэл сурталчилгааг хийдэг. Түүнчлэн Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын аялах журам дүрмийг танилцуулдаг.

Өнгөрсөн жил аялагч, жуулчдад зориулж 1000 ш гарын авлага, 100  боодол эко хогийн уутыг таван нэвтрэх цэгээр дамжуулж аялагч нарт  өгсөн байна.

-Танай байгууллага биотехникийн арга хэмжээг жил бүр явуулдаг. Өнгөрсөн жил хэчнээн газарт биотехникийн  арга хэмжээг хэрэгжүүлэв?

-Зэрлэг амьтдын байршил газрыг тогтоон биотехникийн  арга хэмжээг  тогтмол 11 цэгт явуулдаг. 2019 онд шинээр нэг цэг нэмсэн байгаа. Тухайлбал Отгонтэнгэрийн Дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газар  энэ  гурван чиглэлд нийт 12 цэгт  9 удаагийн явалтаар нийт хужир 1,5 тонн, өвс 3,5 тонныг биотехникийн арга хэмжээнд хэрэгжүүлэн ажилласан байна. Биотехникийн  арга хэмжээнд автомат камерыг байршуулж үр дүнг тооцож байна. Зэрлэг амьтад тухайн газар нутагтаа байршин тоо толгой нь өсөж байгаа нь бахархууштай. 

-Зэрлэг амьтдыг хамгаалахаас гадна судалгааны ажлыг зохион явуулдаг талаараа тодруулж мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн онд судалгаагаар нийт гурван чиглэлд 500 гаруй км явж, гурван ширхэг автомат камер байрлуулсан байна.

Энэ үеэр нийт зургаан зүйлийн хөхтөн амьтан, 13 зүйлийн шувуу тэмдэглэгдсэн байна. Мөн ойн туруутан, уулын туруутан, махан идэшт амьтны ул мөрийн судалгаа, шувуу, загасны судалгааг замналын судалгааны аргазүй, цэгэн тооллогын арга зүй, автомат камер ашиглан хийсэн байна. Замналын судалгааны арга зүйгээр Отгонтэнгэрийн Дархан цаазат газарт  нийт 45 ажиглалтаар 252 бодгаль, Тарвагатайн нурууны Байгалийн цогцолбор газарт нийт 64 ажиглалтаар 440 бодгаль,

Улаагчны хар нуурын Байгалийн цогцолбор газарт 33  ажиглалтаар 606 бодгаль тус тус тэмдэглэж нийт 142 ажиглалтаар 38 зүйлийн 1451 бодгаль бүртгэсэн байна. Харин автомат камерын судалгаагаар халиун буга, нохой зээх, бор туулай, шар үнэг, зэрлэг гахай зэрэг амьтдын 1500 гаруй дүрс тэмдэглэгдсэн байна.


Судалгааны явцад тэмдэглэгдсэн амьтдаас Улаан дансны ангиллаар Олон улсын хэмжээнд “Устаж болзошгүй” ангилалд орсон идлэг шонхор, “Ховордож болзошгүй” ангилалд орсон нөмрөг тас, Бүс нутгийн хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон цагаан сүүлт бүргэд зэрэг хамгааллын зэрэг өндөртэй шувууд, бүс нутгийн хэмжээнд “Устаж байгаа” ангилалд орсон халиун буга, “Ховордож болзошгүй” ангилалд орсон зэрлэг гахай зэрэг хөхтөн амьтад бүртгэгдсэн байна.

Цаашид Отгонтэнгэрийн Дархан цаазат газар болон Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газарт хамгааллын зэрэг өндөртэй ховор амьтад болон ховор шувуудыг илрүүлэх, байршил, тархалт, тоо толгойг үнэлэх нарийвчилсан судалгааны ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санд нийт хэчнээн мэдээллийг оруулсан байна вэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санд нийт 19 төрлийн 468 мэдээлэл оруулсан байна.

ArcGIS программд байгаль хамгаалагчдын хариуцсан талбай, ан амьтдын тархалтын мэдээлэл, дээж талбай сонгосон зураглалыг тус тус хийж Хамгаалалтын захиргааны үндсэн мэдээллийг оруулж байна. Биосан программ нь амьтдын бүхий л мэдээллийг агуулдаг. Тухайлбал уулын туруутан, ойн туруутан, тарвага, ирвэсийн ажиглалт судалгаа зэрэг мэдээллийг цэгэн тооллого, шугаман замналын арга зүйг ашиглан цуглуулж биосан программд оруулсан. Энэ программд зурвас замналын  аргазүйгээр 27 дээж талбайд 142 ажиглалтаар 38 зүйлийн 1451 бодгаль, тарваганы судалгааны арга зүйгээр 18 дээж талбайд  56 ажиглалтаар 430 бодгаль, шувууны үүрлэлт, үржлийн амжилтын аргазүйгээр таван ажиглалт,  мах идэшт амьтдын ул мөрийн аргазүйгээр 16 ажиглалт, 9 зүйл амьтны мэдээллийг тус тус бүртгэн оруулсан байна.


-Танайх байгалийн нөөцийн хамгааллын ажлыг хийдэг. Байгалийн нөөц ашигладаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналтыг хэр тавьдаг вэ?

-Тийм ээ. Манай байгаль хамгаалагч нар болон мэргэжилтнүүд хамтран Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэр сумын Туна, Жаргалант, Ямаатын аманд ажиллаж ой хээрийн түймрийн аюултай үед урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж, хяналт шалгалтыг хийсэн байгаа. Энэ үеэр хуулийн зөрчилтэй зүйл гараагүй.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 08-р сарын 23-ный өдрийн А-299 тоот  тушаалыг үндэслэн Тарвагатайн нурууны БЦГ-ын 30 га талбайд ойн цэвэрлэгээний огтлолтыг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байгаа. Ингээд сонгон шалгаруулалтаар нийт дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилласан байгаа. Ойд цэвэрлэгээний огтлолт хийх ААН-үүдтэй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг 15 ажил төлөвлөж гэрээ байгуулж 100 хувийн биелэлттэй ажиллаж байна. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар болон холбогдох мэргэжилтнүүд төлөвлөгөөний дагуу ажиллаж 2019 онд хариуцан хамгаалж буй газартаа түймэр гаргалгүй ажилласан. Мөн Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэр хэсгийн зөвшөөрөгдсөн хэсэгт ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэсэн талбайг эхлэл төгсгөлийн акт үйлдэн хүлээн авсан байна.

Цэвэрлэгээ хийсэн аж ахуй нэгжүүд хэрэглээний мод 138 м3, түлээ 114 м3 бэлтгэсэн тоо баримттай байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ