АНУ-ын цэргийг БНСУ-д байлгах зардлын талаар тохиролцоонд хүрчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-04-01 14:38:20

СӨҮЛ. /TASS/. АНУ-ын цэргүүдийг БНСУ-д байлгах нөхцөлийн талаар хоёр улс тохиролцоонд хүрсэн бөгөөд ойрын үед гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна гэж “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.


“Ерөнхийдөө талууд хэлэлцээнийхээ эцсийн үе шатанд хүрсэн, одоо зөвхөн жижиг нарийн ширийн зүйлс л үлдсэн” гэж эх сурвалж тэмдэглэсэн байна. Гэхдээ тэрбээр шинэ гэрээг хэдийд байгуулах, түүнд тусгасан заалтуудын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ. 


Америкийн цэргийг Өмнөд Солонгост байлгах зардлыг хувааж төлөх асуудлаарх ээлжит хэлэлцээг хоёр улсын төлөөлөгчид гуравдугаар сарын дундуур хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм. АНУ БНСУ-ын гаргадаг зардлыг дөрөв дахин нэмэгдүүлж, энэ жил 4 тэрбум ам.доллар гаргахыг шаардсан байна. Харин энэ мөнгөн дүнг БНСУ-ын эрх баригчид бодит тооцоогүйгээр нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа аж.


Цэргүүдийг нь байлгахад гаргадаг зардлаа нэмэхийг АНУ-ын эрх баригчид 2018 оноос шаардаж эхэлжээ. БНСУ-ын гаргах зардлыг өнгөрсөн онд 8.2 хувиар нэмэгдүүлж, 1.04 их наяд вон буюу 915 сая ам.доллар болгосон байна.


АНУ-ын цэргүүд 1950-1953 оны Солонгосын дайны үеэс хойш БНСУ-д байрлаж байгаа бөгөөд цэрэг байрлуулах нөхцөлийг хоёр орны хооронд 1950 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан батлан хамгаалахын туслалцааг харилцан үзүүлэх тухай гэрээгээр зохицуулдаг аж.


 


Холбоотой мэдээ