640 хүүхдийн суудалтай “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажил эхэллээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-04-01 17:42:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын ажил Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр эхэллээ.


Барилгын ажлыг эхлүүлэх нээлтэд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцож, гүйцэтгэгч компанийн барилгачдад амжилт хүсэв.


Хүн амын төвлөрөл ихтэй тус дүүргийн 26 дугаар хороонд “Монгол тэмүүлэл” сургуулиас гадна хорооны хүүхдүүдийг хамран сургах 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн суудал бүхий шинэ барилгын ажил өнгөрсөн онд эхэлсэн. Мөн эдгээр сургуулийн дэргэд 320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барих бөгөөд гүйцэтгэгч нь шалгараад байна.


“Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажлыг “Батс Өргөө” компани гүйцэтгэх бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд шинэ сургуулийг ашиглалтад оруулах юм. Тус компани 2019 онд нэг ээлжиндээ 1500 хүүхдийн суудалтай 21 дүгээр сургуулийн шинэ барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байв.


БСШУСЯ 2020 онд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийг ашиглалтад оруулах бөгөөд тэдний 15 нь гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд барих томоохон сургуулиудын нэг нь 640 хүүхдийн суудал бүхий “Монгол тэмүүлэл” юм. 

Холбоотой мэдээ