Мандал суманд нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлаад байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-04-01 21:47:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар зарим мэдээллийн сайтаар цацагдсан. Энэ талаар аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Сэлэнгээс тодрууллаа.

Тэрээр: ”Мандал суманд сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Гэхдээ Сэлэнгэ аймгийн эмч нарын баг очиж газар дээр нь ажиллан, холбогдох шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээсэн байгаа. Энэ хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө. Одоогоор коронавирусний халдвар гэдэг нь тогтоогдоогүй” хэмээлээ.

Уг эмэгтэй нь Энэтхэг улсад нөхрөө эмчлүүлж байгаад ирэхдээ Турк улсаар дамжин энэ сарын 10-ны өдрийн Турк улсын нислэгээр Монголд иржээ. Тэрээр ирсэн даруйдаа шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарласан гэнэ. Харин өнөөдөр нөхрөө эмнэлэгт үзүүлэхдээ цээжээр өвдөж, халуурч байгаа талаараа эмч нарт хандсан байна. Энэхүү мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг очсон аж. Мөн эмэгтэйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмч сувилагчдыг тусгаарласан бөгөөд эмэгтэйг Мандал суманд нь тусгаарлаад байгаа юм байна. 

Холбоотой мэдээ