Японд 50 сая өрхөд даавуун амны хаалт тараана

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-04-02 12:06:06

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар 50 сая орчим өрхөд даавуун амны хаалт тараана гэж тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо лхагва гарагт мэдэгджээ. Японд коронавирусний халдварын тархалтын улмаас эмийн сан болон бусад дэлгүүрт нэг удаагийн амны хаалтын нөөц дуусаж байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргажээ.


Амны хаалтуудыг энэ сарын сүүлээр тарааж эхлэх бөгөөд уг арга хэмжээ нь Засгийн газрын ирэх долоо хоногт танилцуулах эдийн засгийн багцад багтаж байгаа аж. Шуудангийн хаягтай өрх тус бүрт угааж хэрэглэх боломжтой хоёр амны хаалт илгээнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.


"Өрхүүдийг дахин ашиглах боломжтой амны хаалтаар хангаснаар өсөн нэмэгдэж буй амны хаалтын эрэлтийг зохицуулахад тусална хэмээн үзэж байна" гэж Абэ Шинзо хэлжээ. Тэрбээр энэ талаар мэдэгдэх үеэрээ амны хаалт зүүсэн байжээ. Эхний ээлжинд халдварын тохиолдлууд нэмэгдэж буй бүс нутгуудад амны хаалтыг тараах ажээ.


Хэдийгээр Засгийн газар нэг удаагийн амны хаалтын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа боловч энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, Хятадын импорт буурсны улмаас хомсдол үүссэн хэвээр байгаа аж. Японд коронавирусний халдварын 3000 орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнд “Diamond Princess” хөлөг онгоцны 700 гаруй зорчигч багтаж байгаа юм.


Япончууд амны хаалт зүүх нь хэвийн үзэгдэл байсан бөгөөд ялангуяа ханиад томуу дэгддэг улиралд голчлон зүүдэг байжээ. Харин коронавирусний халдвар тархсанаас хойш амны хаалтыг олноор худалдан авч, нөөцөлж эхэлсэн бөгөөд Засгийн газар амны хаалтын үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс цахимаар дамлан худалдаалахыг хориглосон байна. 

Холбоотой мэдээ