Дулааны станцад шүүлтүүр суурилуулснаар утаа тортогны асуудлыг бүрэн шийджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-06 16:10:00

Увс /МОНЦАМЭ/. Улаангом хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, сүрлэг сайхан барилгууд сүндэрлэн боссоор байна. Нэгэн үе ганцхан уурын зуухтай байхад өвлийн улиралд дулаан халаалтын асуудал чангахан байсан бол одоогоос 6 жилийн өмнө Улаангомд дулааны 2-р станц шинээр барьж тэр асуудал ард үлджээ.

Гэтэл шинээр барьсан дулааны станц маань нүүрсээ 100 хувь шатаадаг горимтой тул галлагааны дараа яндангаар нь утаатай хамт асар их хэмжээний хөө тортог агаарт цацагддаг байв. Утаа тортог шүүх уутат фильтер буюу шүүлтүүрийг шинэ дулааны станцын 1, 2, 3-р зуухыг угсарсан компани анх суурилуулах нь суурилуулжээ. Гэвч тэр нь ажиллагааны явцад элэгдэж цоороод нэмэр болохоосоо нэрмээс болж эхэлсэн байна. Ингэснээр Улаангом хот, тэр дундаа 3, 5-р багийн оршин суугчид шинэ дулааны станцын яндангаар цацагдаж буй хөө тортогт дарагдаж, өвлийн улиралд үнсэн саарал орчинд амьдрах болсон юм.

Өнгөрсөн он жилүүдэд Улаангомд ихэнх барилгыг 3-р багт барьсан бөгөөд тухайн байранд оршин суудаг иргэдийн хувьд цонхоо онгойлгож цэвэр агаар амьсгалахад бэрх байлаа. Тус станцын ажилчид ч гэсэн хүнд нөхцөлд ажиллаж иржээ. Энэхүү хөө тортогтой, үнсэн саарал орчин хавар цас хайлж, салхи гарсны дараа л хөөгдөж, зуны гурван сардаа цэвэр тунгалаг байдаг байв. Тэгээд л хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн дулааны 2-р станц ажиллаж, хөө тортгоо хаа сайгүй цацан, Улаангомын үнсэн саарал өдрүүд үргэлжилдэгсэн. Энэ хүндрэлтэй нөхцөл байдал сар гаруйхны өмнө бидэнд тулгамдаж байв. Одоо харин утаа тортоггүй Улаангомд амьдрахад урамтай сайхан байна. Иймээс Улаангом хотын өмнө тулгамдсан энэ хүндхэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар сурвалжлага бэлтгэлээ.   

“БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Улаангомын Дулааны 2-р станц ТӨХК-ийн 1.2-р зууханд утаа тортог бууруулах төхөөрөмж суурилуулах ажлыг БНХАУ-ын "Кан Мэй Хуан Бао" ХХК гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өглөө. Орон нутгийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бодлого төлөвлөлтөд нийтдээ 4 аймгийн дулааны станцад шүүлтүүр суулгах ажлыг төлөвлөсөн бөгөөд хамгийн анхны ажлыг Увс аймагт хийлээ” гэсэн хоёр өгүүлбэр баахан зургийн хамт аймгийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудсанд өнгөрсөн 2-р сарын 12-ны өдөр тавьсан баримт оллоо.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Т.Лхагвасүрэн, БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Хүрэл, Улаангомын Дулааны 2-р станц ТӨХК-ийн захирал Ю.Сайнжаргал нараас товчхон яриа авсан бичлэг байв. Дээрх бичлэгийг энд сийрүүлбэл,

“Шинэ дулааны станц гурван зуухаар ажилладаг. Өнгөрсөн жил 90 сая төгрөгөөр нэг зууханд уутат фильтер тавьсан. Гэвч нэг зуух нь утаагаа шүүгээд нөгөө хоёр нь шүүхгүй болохоор нэмэргүй юм билээ. Энэ удаад дулааны станцын 1, 2-р зуух дээр хамгийн сүүлийн үеийн тортог баригчийг суурилуулж, 2-р сарын 12-нд ашиглалтад хүлээж авлаа. Маш үр дүнтэй сайн ажил болсон тул улсын комиссыг ахалж байгаа миний хувьд сэтгэл өндөр байна. Цас орж байгаль дэлхий хүртэл шинэ шүүлтүүрийн бядыг шалгалаа. Энэ хавийн газрын хөрсөн дээр тортог буухгүй байгааг Улаангом сумын 3, 5-р багийн иргэд биеэрээ мэдэрч, сэтгэл хангалуун байна. Энэхүү ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд, УИХ-д Увс аймгаас сонгогсдон Н.Цэрэнбат гишүүндээ маш их баярлалаа” хэмээн аймгийн Засаг даргын орлогч Т.Лхагвасүрэн хэлсэн байв.

Харин БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Хүрэл: “Энэ шүүлтүүрийг орон нутагт анх удаагаа суурилуулж байна. Орон нутгийн иргэд аюулгүй, цэвэр орчинд ажиллаж амьдрах ёстой. Өнгөрсөн 12-р сарын 24-нд би Увсад ирж ажиллаад судалгаа, тооцооллыг нь хийгээд явсан. Одоо хятадын инженерүүдтэй хамт ирж шүүлтүүр угсраад дууслаа. Гурван жилийн хугацаанд шүүлтүүртэй хамааралтай гарах засвар үйлчилгээг энэ компани хариуцаж ажиллана. Эхний хоёр зуухны шүүлтүүрийг сольсон, гурав дахь зуухны судалгааг хийж байна” гэжээ.

Харин Улаангомын Дулааны 2-р станц ТӨХК-ийн захирал Ю.Сайнжаргал: “БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр манай станцын 1, 2-р зууханд утаа тортог бууруулах төхөөрөмж суурилуулах ажлыг БНХАУ-ын “Кан Мэй Хуан Бао”компани хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өглөө. Ингэснээр Улаангом сумын ард иргэд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөл бүрдлээ. Мөн бидний ажил хөнгөвчлөгдснөөс гадна хөө тортоггүй, цэвэрхэн орчинд ажилладаг боллоо" гэсэн байв.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Улаангомын 2-р дулааны станцын ажилчид ээлжгүй үедээ уурын зуух ажиллаж байгаа, үгүйг алсаас станцынхаа утааг хараад л мэдчихдэг байжээ. Ямар ч утаа гарахгүй үед зуух зогсчихжээ гээд яарч сандран ажилдаа ирдэг байж. Шүүлтүүр залгасан шөнө буюу 2020 оны 2-р сарын 11-12-нд шилжих шөнө Улаангомд их хэмжээний цас ороод хоносон юм. Тэр өглөө дулааны станцын яндангаас ямар ч утаа гарахгүй болохоор ээлжинд гараагүй ажилчид нь зуух зогсчихож хэмээн ажил дээрээ яарч сандран ирцгээсэн гэдэг. Бас Улаангомын зарим оршин суугчид паараа барихаар дулаан байдаг, гэтэл яндангаас хөө тортог цацагдахгүй болохоор нэг хэсэгтээ гайхсан гэдэг. Саяхан буюу 3-р сарын 24-25-нд шилжих шөнө Улаангомд дахиад л их хэмжээний цас орсон. Шинэ цасан дээр ямар ч хөө тортог буухгүй байсаар хайлж байна.

Дулааны 2-р станцад хамгийн ойрхон барилга бол төрийн орон сууцны корпорацийн долоон давхар гурван барилга юм. Энэ байрны дулааны станц руу харсан цонхтой айлууд салхивчаа нээхгүйгээр өвөл, хаврыг давдаг байжээ. Хэрвээ салхивчаа нээвэл утаа тортог ихээр орж ирж, хамар хоолой хорсгон ханиад томуу тусдаг байж. Зөвхөн энэ гурван байр гэлтгүй, Улаангом сумын 3-р багт барьсан бүх байрны өмнө энэ асуудал тулгамдаж байсан юм.

Ямартай ч энэ сайхан ажлыг санаачлан хийсэн БОАЖЯ-ны хамт олон болон аймгийн удирдлагууддаа маш их баярлалаа гэдгийг энд хэлэх байна. 

Улаангом утаа тортоггүй болсон талаар Улаангомын Дулааны 2-р станц ТӨХК-ийн хамт олон болон Улаангом сумын 3-р багийн зарим иргэд ийнхүү ярьж байна.

-Улаангомын Дулааны 2-р станц ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Мөнгөн:

Манай станц нь нүүрсийг 100 хувь шатаадаг, шаталт өндөртэй горимтой болохоор утаанд хаягдах үнсний хэмжээ харьцангуй өндөр байдаг. Тийм болохоор хаягдлын хэмжээ орчин тойронд хэтэрхий мэдрэгдсэн. Иймээс орчин үеийн боломжит технологи юу байна гэдгийг судлаад 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр уутат фильтер тавиулсан. Тэр нь олигтой сайн ажиллаагүй. 2019 оны сүүлчээр БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбатад уламжлахад, сайд мэргэжилтнээ газар дээр нь очиж ажилла гэж томилоод өнгөрсөн 12-р сарын 20-ны үеэр мэргэжлийн баг ирж үзээд явсан. Удалгүй 1 сарын 20-нд ажил эхэлсэн бөгөөд 6 хятад ажилтан хоёр хэлмэрчтэйгээ ирж, манай хүмүүс туслан гүйцэтгэгчээр ажиллан 2-р сарын 11-нд хоёр зууханд уутат фильтер тавьсан. Тэр шөнө Улаангомд маш их цас орсон бөгөөд Дулааны станцын ойр орчинд ямар ч хөө тортог тогтохгүй байсаар өдий хүрлээ. Бид 3-р сарын 4-нд хоёр зуухаар явахаа больж, нэг зуухны горимд шилжсэн. Одоо 5-р сарын 15 хүрч станц зогсох хүртэл энэ янзаараа явна.

Манай аймаг ямар их хүйтэн билээ. Гэтэл 1-р сарын 20-нд уурын зуухны дээд талыг нь задалсан. МХГ, Эрчим хүчний яамнаас утасдаж бөөн юм болсон. Гэхдээ Байгаль орчны яамнаас аймагтай байгуулсан гэрээний дагуу хийж байгаа ажил болохоор бид нар эрсдэл үүрэхээс өөр аргагүй байсан. 1-р сарын 20-оос 2-р сарын 10-ны хооронд нэг ч цагийн доголдол бид гаргаагүй. Хоёр зуухаа задлаад 20 хоног тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд бэлтгэл зуухаараа дулаанаа явуулсан. Манай инженер техникийн ажилчид маш сайн ажилласан. Хятадын ажилчид уутат фильтерээ угсрахаас биш зуухны нарийн тохиргоо, ажиллагааг сайн мэдэхгүй юм билээ. Манайд Хятадын улсын үйлдвэрийн уутат фильтер тавьсан бөгөөд 3 жилийн баталгаа өгсөн. Цаашид элэгдэж цоорсон тохиолдолд бид өөрсдөө солиод явах боломжтой. Нэг зууханд 324 уут байгаа. Одоогоор 2 сар болох гэж байна, ямар ч асуудал гараагүй л байна. Зуух анх угсарсан компани маань утаа шүүгч тавих нь тавьсан. Даанч хямдхан муу юм тавьсан байна лээ.

Би дулааны инженер мэргэжилтэй. 1986 онд Улаангомд анхны дулааны станц ашиглалтад ороход ээлжийн инженерээр ажилд орж байсан. Түүнээс хойш Улаангомын хоёр станцад 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Шинэ станц 2013 онд баригдахад ашиглалтын инженерээр ажиллаж байгаад 2014 онд захирал болсон. 2017 оноос ерөнхий инженерээр ажиллаж байна.

-Улаангомын Дулааны 2-р станц ТӨХК-ийн 3-р ээлжийн дарга Ю.Батмөнх:

-Шинэ дулааны станцад ажиллаад 6 жил болж байна. Бидний өмнө тулгамдаад байсан утааны асуудлыг өнгөрсөн 2-р сард шийдсэн. Манай станцын 1, 2-р зууханд уутат фильтер суурилуулснаар гадна орчинд үнс ихээр хаягддаг асуудал шийдэгдсэн. Ингэснээр бидний ажилд таатай нөхцөл үүсээд байна. Урд нь үнсээ татахдаа зөндөө гацдаг байсан бол уутат фильтер тавьснаар самбараас хянах боломжтой болж бидний ажил хөнгөвчлөгдсөн.

Шүүлтүүр тавьсан тэр өглөө би гэртээ амарч байсан юм. Нэг харсан чинь манай яндангаас утаа гардаггүй. Тэгэхээр нь зуух зогсчихсон байна гэж сандраад ажил дээрээ ирсэн чинь харин шинэ уутат фильтерээ залгачихсан байсан юм билээ. Ямар ч утаагүй болчихсон, ёстой гайхмаар байсан. Ер нь бол манай ажилчид станц ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг Улаангом дотор энд тэнд явахдаа станцынхаа яндангийн утааг холоос хараад мэддэг байсан юм. Дулааны станцын яндангаас утаа гарахгүй болохоор анхандаа дасч өгөхгүй, их л эвгүй байж билээ. Энэ асуудлыг шийдэж өгсөн хүмүүстээ маш их баярлаж байна.

-Улаангомын Дулааны 2-р станц ТӨХК-ийн машинист Н.Түмэнбаяр:

Энэ станцыг анх барихад би ажиллаж эхэлсэн. Утаа тортог бууруулах шүүлтээр тавьснаас хойш маш сайхан болж, ажиллахад урамтай, ямар ч бэрхшээлгүй болсон. Урд нь утаа тортог замбараагүй их гардаг байсан. Миний хувьд зуухны үнс түрж гаргадаг машинист ажилтай. Нэг ээлжинд 6 хүн гардаг бөгөөд бүгдээрээ тус тусдаа ажлын чиг үүрэгтэй. Бүх юм автоматаар явдаг, гараар хийх ажил байхгүй, үнс л түрж гаргана. Нэг авахдаа 3 тэрэг үнс гаргадаг бөгөөд хоёр зуухнаас 6 тэрэг үнс гаргадаг.

Шүүлтүүр тавиагүй байхад энэ хавийн орон сууцнууд, ялангуяа хажуугийн долоон давхар гурван байрны айлууд цонхоо онгойлгох нөхцөлгүй үнэхээр хэцүү байсан. Манайхан станцын хашаан доторх үнс тортогоо юу ч үлдээлгүй, тэр дор нь цэвэрлэчихдэг. Гадуур бол тэр бүгдийг цэвэрлэх боломжгүй шүү дээ. Одоо бол ямар ч хөө тортог цацагдахгүй үнэхээр сайхан байна.

-Галданбошигтын 27-р байрны 16-р тоотод оршин суугч Б.Ядамсүрэн:

Манайх Төрийн орон сууцны корпорацийн гурван байрны хамгийн цаад захын буюу Улаангомын 2-р дулааны станц руу харсан байрны 4-р давхарт амьдардаг. Тус байранд орсноос хойш жил бүрийн 9-р сарын 15-наас 5-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд хар саарал үнсэнд булагддаг байсан. Цонхоо онгойлгохоор утаатай үнс орж ирдэг байдалтайгаар 3 жил хагас болсон. Гэтэл цагаан сарын өмнөхөн Байгаль орчны яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр шүүлтүүр тавьж, одоо дулааны станцын халаалтын зуухнаас цэнхэр утаа гарч бидний амьсгалах агаар цэвэр тунгалаг, маш сайхан болж, сэтгэл өндөр байна. 

Шүүлтүүр тавиагүй байхад хавар цас хайлсны дараа 1-2 см зузаан хөө тортог эргэн тойрны газарт тогтдог, бид нар байр сууцандаа ороход тэр аяараа хар хөө гутал дагаж ордог байлаа. Бас салхины чиг харж байж цонхоо онгойлгодог байсан. Зүүн өмнөөс буюу дулааны станц талаасаа салхитай байвал цонхоо онгойлгохгүй, хэрвээ онгойлговол цонхны тавцан дор хар хөө тогтчихдог байсан. Энэ байранд орсон даруйдаа гадна тагтаа хаасан учраас тагт дээрээ юм хадгалахад арай гайгүй болсон. Тэгэхгүй бол тагтан дээрээ юм хадгалах ямар ч боломжгүй байсан. Одоо бол үнэхээр сайхан байна, ирэх жилээс бүр сайхан болох байх хэмээн манай энэ хавийн оршин суугчид ярьж, бүгдээрээ ам сайтай байгаа.

Миний хувьд Дулааны 2-р станцын зуух утаа хөө тортог их цацаж байгаа талаар энэ байранд орсон жилээсээ эхлэн байрныхаа оршин суугч ахимаг насныхантайгаа хамтран аймгийн МХГ, Дулааны 2-р станц болон аймгийн захиргаанд асуудал тавьж, нэг тал нь шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж ирсэн. Энэ дагуу өнгөрсөн жил нэг зууханд шүүлтүүр тавьсан ч олигтой нэмэр болоогүй. Энэ удаагийнхыг үнэхээр чанартай сайн хийсэн байна лээ. Шүүлтээр тавьсан шөнө их хэмжээний цас Улаангомд ороод хоносон бөгөөд өглөө босчихоод дулааны станцын янданг харсан чинь ямар ч утаагүй байсан. Тэгэхээр нь зуух зогсчихсон байна гэж бодоод ямар эвдрэл гарсныг нь асуухаар станцын харуул дээр очсон. Тэгсэн чинь харин шүүлтээр тавьсан, зуух хэвийн ажиллаж байгаа, та гэртээ ороод паараа бариад үз гэсэн. Гэртээ ороод паараа барьсан чинь яалт ч гүй дулаахан байж билээ.  

-Галданбошигтын 27-р байрны 31 тоотод оршин суугч Д.Жавзан:

Манайх 2017 оны хавар энэ байранд орсон бөгөөд тухайн үед ийм их хөө тортог унадаг гэдэг нь мэдэгдээгүй. Түүнээс хойш 2018, 2019 оны өвөл маш их утаа тортогтой гэдэг нь мэдэгдсэн. Цас орохоор энэ хавийн газар хав хар болчихдог байсан. Дулааны станцад хамгийн ойрхон байр, бас тэгээд долоон давхарт болохоор утаа тортог илүү их орж ирдэг байсан. Манай тагт задгай бөгөөд хавар тагтаа цэвэрлэхдээ бараг шуудай шахам хөө тортог гаргаж асгадаг байлаа. Цагаан сарын өмнөхөн Дулааны станцын зууханд шүүлтүүр тавьснаас хойш одоо ямар ч утаа тортоггүй маш сайхан болсон.

Өмнө нь дулааны станц талын цонх онгойлгох ямар ч боломжгүй байсан тул нөгөө талын өрөөнүүдийн цонхыг нээдэг байсан. Бага насны хүүхдүүдтэй болохоор утаа тортогтой талын цонхоо нээхээр хүүхдүүд ханиад томуу тусчих гээд их хэцүү, бас дээр нь хүүхдүүд гараад тоглох ямар ч боломжгүй, тоглоомын талбай утаа тортогт дарагдчихдаг байсан. Байрны гадна машин тавихаар тэр чигтээ хөө тортогт дарагдчихна. Одоо бол үнэхээр сайхан байна. 

-Төрийн орон сууцны корпорацийн гурван байрны өмнөх хүнсний дэлгүүрийн эзэн А.Батчулуун:

Дулааны 2-р станцын зууханд цагаан сарын өмнөхөн шүүлтүүр тавьснаар энэ хавийн утаа тортог багасч маш сайхан болж, сэтгэл өндөр байна. Шүүлтүүр тавиагүй байхад энэ хавь чинь өвөлд тэр чигтээ хар саарал үнсээр хучигддаг, хаварт цас хайлсны дараа 1-2 см зузаан хөө тортог тогтчихдог байсан. Өдийд чинь хүмүүсийн гутал дагаж баахан хөө тортог их орж ирдэг тул дэлгүүрийнхээ шалыг өдөртөө хэд арчдаг байлаа. Үндсэндээ 4-р сарын сүүлчээр салхи гарч байж тэр их хөө тортогийг цэвэрлэдэг, түүнээс хойш намар 9 сар хүртэл цэвэр байдаг байсан.

Шүүр тавихаас өмнө энэ өвөл тэгш талдаа 1,5 см хүртэл зузаан хөө тортог тогтоод байсан юм. Одоо цас хайлаад тодорч байна. Ирэх намар илүү сайхан болох байх аа.

 

 

Холбоотой мэдээ