Опра Уинфри америкчуудад тусламж үзүүлэхэд 10 сая ам.доллар хандивлана

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-04-03 14:06:22

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн телевизийн хамгийн алдартай хөтлөгчдийн нэг Опра Уинфри “COVID-19” өвчний цар тахлын үед америкчуудад тусламж үзүүлэхэд 10 сая ам.доллар хандивлахаа амлажээ. Уинфри энэ тухайгаа “Twitter” хуудсандаа пүрэв гаргийн орой бичсэн байна.


“Цар тахлын үед бид төрж өссөн Америк орныхоо бүх иргэнд туслахын тулд 10 сая ам.доллар хандивлана” гэж өдгөө 66 настай хөтлөгч бичжээ. Уинфри Миссисипи муж улсад төрж, Милоуки, Теннесси муж улсад өсжээ.


Уинфригийн хандиваас хүнсний тусламжийн “America's Food Fund” санд хувь хүртээх аж. Жүжигчин Леонардо Ди Каприо, “Apple” компанийг үндэслэгч Стив Жобсын бэлэвсэн гэргий Лорен Пауэлл Жобс нар уг санг үүсгэн байгуулснаа пүрэв гарагт мэдэгдсэн юм. Тус сан коронавирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн нөлөөлөлд хамгийн их өртсөн хүмүүст туслах бөгөөд сангийн хөрөнгөөр худалдаж авсан бүтээгдэхүүнүүдийг орлого багатай гэр бүлүүд, өндөр настнууд болон ажилгүйчүүдэд тараахаар төлөвлөсөн байна.


Опра Уинфри АНУ-ын хамгийн алдартай, хамгийн баян нийгмийн зүтгэлтнүүдийн нэгд тооцогддог. “Forbes” сэтгүүлийн  шинжээчдийн тооцоолсноор, тэрбээр 2.7 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй юм.


АНУ-д 236 300 гаруй хүн коронавирусний халдвар авч, 5684 хүн нас барсан бол  8861 хүн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ