Хөнгөлөлттэй үнээр эм авах иргэд эмийн санд урт дараалал үүсгэжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-04-03 17:08:11
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Сар бүрийн эхэнд олгодог хөнгөлөлттэй эм худалдан авах иргэд энэ сарын 2-нд эмийн сангуудад урт дараалал үүсгэсэн. Учир нь “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Өрхийн Эрүүл мэндийн төвүүд цахимаар хөнгөлөлттэй эмийн жорыг бичсэн. Ингэхдээ нэг иргэнд нэг эм олгохоор зохион байгуулалт хийсэн ч эм авах иргэдийн тоо өмнөхөөсөө 3-4 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, цахимаар бүртгэх явцад нэг айлын дөрвөн гишүүн тус, тусдаа бүртгүүлсэн байжээ. Энэ мэтчилэн эм авах иргэдийн тоо нэмэгдсэн мөн эмийн сан бүрт хөнгөлөлттэй эмийн санхүүжилт өөр, өөр байдгаас зарим нь нэг өдрийн дотор  дуусч бусад эмийн санд нь дараалал үүссэн байна. 

Орхон аймагт 59 эмийн сан байдгаас 28 нь хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх эмийн сангуудад 400 мянгаас 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгодог байна. Бага санхүүжилт авсан эмийн сангийн эм богино хугацаанд дуусдаг нь бас асуудал үүсгэдэг байна.

Тиймээс аймгийн Засаг дарга Д.Батлут ЭМГ, БОЭТ, ӨЭМТ, НЭМТ-ийн удирдлага болон эмийн сангуудын төлөөллийг хүлээн авч уулзан үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр ярилцлаа. Юуны өмнө “Ажлын хэсэг” байгуулж мэдээллээ нэгтгэн зохион байгуулалтын ажлыг эрэмбэлэхээр боллоо. Иргэд хөнгөлөлттэй үнээр олгодог эмээс даралт болон зүрх судас, уналт, таталт,  хавдар, элэгний В вирусний эсрэг эм түлхүү авдаг байна. Сүүлийн жилүүдэд хөнгөлөлттэй эмийг оршин суугаа хаяг харгалзахгүйгээр иргэдэд  олгосон нь зарим бэрхшээлийг үүсгэжээ.

Иймд цаашид алслагдсан багуудад эмийн сангийн хүртээмжийг нэмэх, ЭМДС-аас олгодог санхүүжилтийг тэгш хуваарилах, эмийн сангууд дууссан эмийн жагсаалтаа ӨЭМТ-д шуурхай мэдээлэх зэрэг санал гарлаа. Тиймээс Засаг даргын захирамжаар яаралтай “Ажлын хэсэг” байгуулж ажиллахаар боллоо.

 

Холбоотой мэдээ