Сийлбэртэй ган дөрөө

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-06 17:11:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музей нь баруун Монголын түүх, соёл, олон угсаатны бүлгүүдийн өвөрмөц ёс заншил, оюуны соёлыг нийтэд түгээж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг.

Тус музейд одоогийн байдлаар 1033 дэсийн 3140 үзмэр хадгалж байна.

Тэдгээрийн нэг бол "сийлбэртэй ган дөрөө" юм.

Монголчууд бэлчээрийн мал аж ахуй эрхлэх явцдаа унах, ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн.

Монголчуудын түүхийг морьгүй, тэр дундаа  морины тоног хэрэгсэл болон дөрөөгүйгээр төсөөлөх аргагүй.

Ховд аймгийн Музейд хадгалж буй тус дөрөө нь найман тал бүхий хэлбэртэй.

Тавгийг нь үүлэн хээ цоолж сийлбэрлэсэн. Мөн сэнжний хоёр талд угалз хээ цохиж сийлсэн байна.

Жин нь нийт 3300 гр юм. Өндөр 14.5 смХарин суурины өндөр 10 см,  урт 11 см аж.

Энэхүү сийлбэртэй ган дөрөө нь Ховд аймгийн Манхан сумын иргэн н.Бээжинхүүгээс үе дамжин иржээ.

Аймгийн Музейн сан хөмрөгт 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр "Үзмэр худалдан авах, үнэ тогтоох комисс"-ын шийдвэрээр 550 төгрөгөөр худалдан авсан. Эдүгээ хүртэл олон нийтийн хүртээл болгох замаар хадгалж буй.  

Холбоотой мэдээ