Онцгой үед УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулах хуулийн төслийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-07 13:15:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд УИХ-ын чуулганыг онцгой дэглэмийн үед цахимаар хуралдуулж болох тусгай дэгийг тусгажээ. 


Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулахдаа,  шинэ коронавирусний цар тахал дэгдэж, өчигдрийн байдлаар дэлхийн 210 гаруй улсын 1.2 сая хүн өвчилж, 75 мянга гаруй хүн амь насаа алдаад байгааг тэмдэглэв. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ДЭМБ-аас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, УОК шуурхай хэрэгжүүлж, иргэдээ цар тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байна.


Иймээс энэхүү онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэрлэвэл зохих асуудлыг УИХ яаралтай хэлэлцэн баталж гаргах шаардлагатай байгаа бөгөөд ингэхдээ ДЭМБ-ын гаргасан зөвлөмж, шийдвэрийг мөрдөж чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдах нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлэх, энэ үед баримтлах дэгийг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд оруулах шаардлага тулгарч байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсныг дурдав.


Төсөлд, халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй ч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломжийг бүрдүүлжээ.


Чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хурлын программ нь УИХ-ын гишүүд, ажлын баг байршлаас үл хамааран дүрсээ харж нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байх, хуралдаанд УИХ-ын тухай хуулийн 11.4-т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн, бусад гишүүн Төрийн ордон дахь хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулах боломж, нөхцөлийг хангаж оролцохоор хуулийн төсөлд тусгажээ.


Мөн УИХ-ын гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хурлын программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр микрофон нээгдэхэд үг хэлж, асуулт асуух, хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэхээр заажээ. Түүнчлэн цахим хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан хуульд заасны дагуу УИХ-ын Тамгын газраас бэхжүүлэхээр тусгажээ. Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.


Хуулийн энэ нэмэлтийг баталснаар онцгой нөхцөл байдлын үед УИХ-ын чуулганыг өөр газар хуралдуулж болох боломж бүрдэх бөгөөд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудлыг хэлэлцэж байх зохицуулалт бий болох юм.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, С.Бямбацогт нарын асуултад хууль санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан тодорхой хариулт өгөв. Мөн ажлын багийн гишүүн, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Элбэгзаяа нар гишүүдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулах нэмэлт гэхгүйгээр тусгай дэг болгож, төслийг өргөн хүрээнд авч үзэж онцгой нөхцөлийн үед хууль тогтоомжийн төслийг өргөн барих, санал авах, иж бүрдлийг хангах, хэлэлцүүлэг явуулах, эцэслэн шийдвэрлэх асуудлыг бүхэлд нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд нэгэнт хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон ийм үед гишүүд оновчтой санал гаргаж, хуралдааныг богино хугацаанд шуурхай явуулахад анхаарах нь зүйтэйг сануулаад дэгийн хуульд оруулах нэмэлт нь зөвхөн энэ удаагийн цар тахлаар хязгаарлагдахгүй, байгалийн гамшиг, аваар осол, зуд турхан гээд онцгой нөхцөл байдал үүссэн ямар ч үед хэрэглэхээр байнгын шинжтэй дэг байх нь зохимжтой гэж үзэж буйгаа хэлэв.


Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд яаралтай хэлэлцэн батлах шаардлагатайг онцлон дурдаж байв.


Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Холбоотой мэдээ