Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний төслийг Байнгын хороо дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-07 16:36:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "СОVID-19-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас СО\/ID -19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллагуудын болон иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдав.


Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгж, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, туүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтандаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авч эхэлж байна. Иймд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцолсон.


CO\/ID -19 цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Иргэдийн орлогыг хамгаалах, Ажлын байрыг хадгалах, Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн тогтоолын төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар COVID-19 цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд, З.Нарантуяа, О.Батнасан, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд цар тахлын улмаас хэчнээн аж ахуй нэгж хаагдаж, хэдэн мянган хүний орлого багасаж байгааг лавлахын зэрэгцээ төрийн албан хаагчдыг нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулаагүй шалтгааныг тодруулав. Мөн килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авахад нийт хэчнээн малчин өрх хамрагдах, худалдан авсан ноолуураа хэрхэн ашиглах,  200 мянган төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжид хэчнээн иргэн хамрагдахаар байгааг  илүүтэй лавлав. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, шинэ коронавирус дэлхий нийтийг хамарч цар тахлын хэмжээнд хүрсэн нь  төр, аж ахуй нэгж, иргэдийн санхүү, эдийн засагт хүндрэл учруулж байна. Энэ цаг үед төр илүү ачаалал авах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг тодотгоод ажлын байр нь баталгаатай төрийн болон төрийн өмчит компанид ажилладаг албан хаагчдын татварыг хэвээр үлдээсэн гэж байлаа. Мөн тэрбээр, цар тахлын улмаас ажил нь доголдож, орлого нь багасаж байгаа ч ажлын байрыг хадгалсан, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан ирүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн зургаан сарын хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөд нийт 640 мянган хүн хамрагдаж байна гэлээ. Түүнчлэн төрийн шийдвэрээр ажлаа зогсоож, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид ажиллагсдад 200 мянган төгрөг олгохоор тогтоосон ч, цар тахлын хэмжээ хаана хүрч, хэзээ дуусах нь тодорхойгүй учир энэ асуудалд одоогоор нэгдсэн тоо гаргах боломж байхгүйг Сангийн сайд хариултдаа тодотгов. 


Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Ч.Улаан нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авахаар тооцоход 300 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ нь нийт бэлтгэх ноолуурын 30 хувь гэдгийг хариултдаа онцолсон. Монголд 233 мянган малчин өрх 10.2 тонн ноолуур бэлтгэх тооцоо байгаа ч  үүнээс 3000 тонн-д дэмжлэг болж, үлдсэн 7000 тонныг нь гадаадын хөрөнгө оруулагчид авдаг уламжлалтай. Дотооддоо 3000 тонн ноолуур авч, угааж, самнаж, эцсийн сүлжмэл бүтээгдэхүүн хийх бүрэн хүчин чадалтай гэж байлаа. 


Ингээд гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь үзлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Холбоотой мэдээ