“JCI Монгол" байгууллага 9 эмнэлэгт 500 хамгаалалтын хувцас хандивлав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-04-07 15:02:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "JCI Монгол" байгууллагынхан гурав дахь төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн 9 эмнэлэгт 500 хамгаалалтын хувцас хандивласнаар гурав дахь төслөө эхлүүлж байна.


Тус байгууллага 2020 оны хоёрдугаар сараас эхлэн “Хайртай хүмүүсээ хамгаалъя” аяныг эхлүүлсэн бөгөөд аян “Амны хаалтаа зүүцгээе” цахим уриалга, нийслэлийн 6 дүүрэг, Дархан-Уул аймгийн нэгдсэн болон ахмадын, хүүхдийн, өрхийн эмнэлгүүдээр гар ариутгалын сав, шингэнийг байрлуулсан юм.


“COVID-19” халдвартай тэмцэж буй нэг хүнийг хамгаалж чадсанаар 1000 иргэнийг халдвар авахаас сэргийлж чадах юм. Иймд өнөөгийн нөхцөл байдалд хамгийн их эрсдэл дунд ажиллаж байгаа эмч нараа хамгаалах маш чухал төсөл юм байна.


Цаашид үргэлжлэх LIVE+AID төслийн хүрээнд өнөөдөр Улсын клиникийн 2 дугаар эмнэлэг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн ахмадын эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, ГССҮТ, I, II төрөх, Дарханы онцгой байдал нийт 9 газарт 500 ширхэг халдвар хамгааллын иж бүрэн хувцас, амны хаалтыг тарааж байгаа аж.


JCI байгууллага нь дэлхийн 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 200,000 гаруй идэвхтэй, сая илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.


"JCI Монгол" байгууллага нь 15 салбар 1000 орчим идэвхтэй гишүүдтэйгээр 29 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгэмдээ хандсан 200 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Тэд монгол хүн таныг “Хайртай хүмүүсээ хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байгаа юм. 

Холбоотой мэдээ