Бүх төрлийн будаа, ургамлын тос зэргийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-07 16:58:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулав. Хуулийн төсөлд, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт тусгажээ.


ДЭМБ-аас шинэ коронавирус цар тахлын хэмжээнд хүрснийг зарлахын зэрэгцээ вирусний тархах цар хүрээ хэрхэн нэмэгдэж ямар цаг хугацаанд үргэлжлэхийг урьдчилан төсөөлөх боломжгүй байгааг мэдэгдсэн. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарчээ. Тиймээс хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэхэд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудай дутагдах тооцоо гарсан тул Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэвч шинэ коронавирусний дэгдэлттэй холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдөж стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 150.0 мянган тонн хүнсний улаанбуудай нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хоёрдугаар сарын 20-ны хурлаар шийдвэрлэсэн байна. 


Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ