Ш.Юмжирмаа: Говь-Алтай аймгийн өсвөр насныхны 36,1 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-07 18:07:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэл-Сэтгэцийн тасгийн их эмч Ш.Юмжирмаатай өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, тэдний сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа.


-Сайн байна уу? Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?

-Хүний амьдралын нэг мөчлөгийг л өсвөр үе гэж нэрлэдэг. Тодруулбал, хүүхэд наснаас насанд хүрсэн хүн рүү шилжих үе буюу бэлгийн боловсролын үе ч гэж нэрлэдэг. Үүнд 12-17 насныхныг хамааруулж авч үздэг. Өсвөр насанд тухайн хүүхдэд бие махбодь, сэтгэлзүй болон нийгмийн талаас олон өөрчлөлтүүд гардаг. Энэ үед хүүхэд “Би хэн бэ” гэдэг асуултыг өөртөө тавьдаг. Сэтгэлзүйн хувьд тэдэнд эерэг, сөрөг хоёр мэдрэмж үүснэ. Охид, хөвгүүд хэн нэгэн алдартай хүмүүсийг даган дуурайж өөрийгөө төлөвшүүлж ижилсүүлдэг. Мөн эсрэг хүйсийн хүнтэй ойр дотно харилцаа тогтоох чадавхтай болдог. Хамгийн чухал нь тэдний сэтгэлзүйн хэрэгцээ нь эцэг эхээсээ тусдаа бие даасан байдалтай болохыг чухалчилдаг. 

-Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ ЕБС-ийн дунд, ахлах ангид дэвшсэнийх нь дараа “Том болчихлоо”, “Биеэ даачихлаа” гэж үзээд анхаарал халамжаа сулруулах хандлага байдаг. Гэтэл яг энэ үед нь илүү анхаарах ёстой юм болов уу?

-Тийм шүү. Хүүхдүүд нь дунд, ахлах ангид орохоор л том болчихлоо гэж бодоод анхаарал тавилгүй орхичихдог. Яг энэ үед тэдний биологи, нийгэм, сэтгэхүйн талаас олон хувирал явагддаг. Бие махбодийн өөрчлөлтийг хүн бүр мэддэг. Гэвч нийгэм, сэтгэлзүйд ямар өөрчлөлт гардгийг тэр бүр мэддэггүй. Тухайн хүүхэд насанд хүрсэн хүн болж төлөвшихийн тулд бусадтай хэрхэн харилцах талаар ярилцдаггүй. Тиймээс ч эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ байнга ярилцах нь чухал ач холбогдолтой. Тэднийг том болчихлоо гээд үл тоох, гэр бүлийн таагүй уур амьсгал бүрдүүлэх нь сэтгэлзүйн хэвийн бус байдлыг бий болгодог гэж ойлгож болно. 

-Гэр бүлийн орчноос гадна шилжилтийн насныхны сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх өөр хүчин зүйл нь юу байна вэ?

-Гэр бүлийн орчноос гадна үе тэнгийнхэн, багш нар сэтгэлзүйд нь нөлөөлдөг. Эцэг эх, багш нар тэдний үзэл бодлыг сонсохгүй аливаа асуудлыг тулган шаардах нь сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг. Мөн үе тэнгийн найз нөхдийн харилцаа хандлагыг хэлж болно. Гэр бүлийн архидалт, эцэг эхийн салалт, хүүхэдтэйгээ хамт амьдрахгүй тусдаа байх нь сөрөг үр дагаврыг бий болгодог. Сүүлийн үед эцэг эхийн хараа хяналт муу байснаас үүдэн сэтгэцэд сөргөөр нөлөөлөх зүйлсийг хэрэглэж бие махбодио хордуулдаг. Тэр ч бүү хэл гэрээсээ явах, эрт гэрлэх, эрт жирэмслэх, амиа хорлох сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Гэхдээ шилжилтийн насны хүүхэд бүр буруу шийдвэр гаргадаггүй. Бага насанд нь үүссэн сэтгэлзүйн таагүй байдал нь тухайн хүүхдэд хуримтлагдсаар байгаад өсвөр насанд нь илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ насыг үл хамааран тэдэнд цаг гаргаж, хамтран ярилцаж байх хэрэгтэй.

-Өсвөр үеийнхний сэтгэлзүйд тулгамдаж буй энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд ер нь яах ёстой юм бэ?

-Хүүхэд бага насандаа сэтгэлзүйн гэмтэл авах нь шилжилтийн насанд нь илүү их илэрдэг. Эцэг эхчүүд “Миний хүүхэд учраас намайг сонсох ёстой” гэхээсээ илүүтэйгээр хүүхдээ сонсох, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхэд зөвлөн, хамтран ярилцах хэрэгтэй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхдийнхээ сэтгэлзүйн байдлыг мэдэж хэзээ, хэрхэн хандах нь чухал юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлзүйн хэрэгцээг хангаж байж, тэднээс зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл хэрэгцээ нь хангагдаагүйн улмаас шилжилтийн насныхан буруу шийдвэр гаргадаг. 

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэл-Сэтгэцийн тасагт өсвөр үеийнхэн хэр хандаж байна вэ?

-Манай сэтгэцийн тасаг насанд хүрэгчдээс гадна 0-18 насны хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж, эмчилдэг. Бид 2015 оноос хойш эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй хүүхдүүдийг албан ёсоор бүртгэж эхэлсэн. Жил бүр л үйлчлүүлж буй хүүхдийн тоо өсдөг. Сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд маш их хугацаа шаарддаг, багадаа нэг жил эмчилгээ хийх шаардлагатай байдаг. 

2018 онд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 18 сумын ЕБС-д суралцаж буй өсвөр үе буюу 11-18 насны 2192 хүүхдийн сэтгэл хөдлөл ба зан үйлийн эмгэгийн наркологийг судалсан. Судалгаагаар Говь-Алтай аймгийн өсвөр насныхны 58,6 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл, 36,1 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 5,2 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байна. Ер нь өсвөр насныхны дунд сэтгэл хөдлөл, зан үйлийн илэрлүүд нь насны бүлгээсээ хамааран харилцан адилгүй байдаг. 

-Дийлэнх нь ямар шалтгаантай байдаг вэ?

-Манай аймгийн хэмжээнд 3-7 насны хүүхдүүдийн дунд тархины саажилттай, хэт хөдөлгөөнт эмгэг их илэрдэг байсан. Сүүлийн үед эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ авчирч үзүүлдэг болсон. Харин 2018 оноос хойш бидэнд хандаж буй хүүхдүүдийн ихэнх нь өсвөр насны хүүхдийн дэлгэцийн /гар утас, компьютер, телевизор/  донтолт, хэт хөдөлгөөнтэй гэх шалтгаанаар хандаж байна. Энэ нь эцэг эхийн хүүхдэдээ анхаарал халамж, хараа хяналт тавихтай шууд хамааралтай юм. Ер нь эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ анхаарал халамж муу тавьснаас үүдэн сэтгэцэд сөргөөр нөлөөлөх олон асуудал тулгардаг. 

-Тэгвэл танай эмнэлгийн хувьд өсвөр үеийнхэнд тусламж үйлчилгээ хүргэхэд тулгамдаж буй асуудал юу байна?

-Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг нь одоогоор бүтэц орон тооны хувьд нэг их эмч, дөрвөн сувилагчтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Манай тасагт 6200 гаруй иргэн байнгын хяналтад байдаг. Манай хамт олон маш их ачаалалтай ажилладаг. Тулгамдаж байгаа асуудал гэвэл бүтэц орон тоог нэмэгдүүлэх шаардлага байна. 

Түүнчлэн сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй өсвөр үеийн сэтгэцийн эмгэгийг эмчлэх тусгай өрөө танхим зайлшгүй байгуулах шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор Сэтгэцийн эмчийн хувьд НҮБ-ын Хүүхдийн санд “Өсвөр үеийн хүүхдийг эмчлэх өрөө байгуулж өгнө үү” гэсэн хүсэлтээ уламжилсан. Үүний дагуу удахгүй манай эмнэлэг “Сэтгэцийн амбулаторийн сэтгэл заслын кабинет”, “Эрүүл сэтгэц” хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмчилгээний тусгай өрөөтэй болох гэж байна. Энэ сардаа багтаан ашиглалтад орно. Манай хамт олон их баяртай байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд өсвөр насны хүүхдүүд, эцэг, эхчүүдэд зориулан зөвлөгөө өгнө үү?

-Хамгийн чухал нь тэднийг сонсох, ярилцах хэрэгтэй. Хэрвээ аливаа асуудлыг нь шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлж чадахгүй бол мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид хандах ёстой гэдгийг эцэг эхчүүдэд зөвлөе.


Холбоотой мэдээ