Хятад патентын хүсэлтийн тоогоор анх удаа АНУ-ыг давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-08 13:03:07

ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ патентын хүсэлтийн тоогоор анх удаа АНУ-ыг гүйцлээ гэж Женев хотод төвтэй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын мэдэгдэлд дурдсан байна. 


Патентын хамтын ажиллагааны тухай гэрээний хүрээнд БНХАУ өнгөрсөн онд нийт 58990 хүсэлт илгээснээр патентын хүсэлтийн тоогоор тэргүүлэгч байсан АНУ-ын тэргүүлэлд цэг тавьжээ. Өнгөрсөн онд АНУ нийт 57840 хүсэлт гаргасан байна. АНУ Патентын хамтын ажиллагааны тухай гэрээнд 1978 онд нэгдсэнээсээ хойш патентын хүсэлтийн тоогоор тасралтгүй тэргүүлэгч байсаар иржээ.


"БНХАУ-ын патентын хүсэлтийн тоо ийнхүү хурдацтай нэмэгдэж байгаа нь Азийн орнуудын инновацийн чиглэл урт хугацааны ахиц дэвшилтэй байгааг харуулж байна. Одоогийн байдлаар Патентын хамтын ажиллагааны тухай гэрээний хүрээнд гаргасан хүсэлтийн тал гаруй хувь Азиас ирж байна. БНХАУ 1999 онд 276-хан ширхэг патентын хүсэлт гаргаж байсан бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ тоо 200 дахин нэмэгджээ” хэмээн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Харри мэдэгджээ.


Өнгөрсөн онд Олон улсын оюуны өмчийн байгууллагын патентын тогтолцоонд ерөнхийдөө ахиц дэвшил гарчээ. Тодруулбал, патентын хүсэлтийн тоо 5.2 хувиар нэмэгдэж, 265800-д хүрсэн байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь оюуны өмчийн салбарын бодлогыг хариуцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулдаг аж. 

Холбоотой мэдээ