Жижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-08 15:18:24

МОСКВА. /TASS/. Жижиг бизнесийг дэмжих зорилгоор нэмэлтээр 250 тэрбум ам.долларын санхүүжилт гаргахыг АНУ-ын Сангийн яам хүсжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


"Жижиг бизнес эрхлэгч компаниудад шаардлагатай хөрөнгө мөнгийг нь олгуулахын тулд би Ерөнхийлөгч Дональд Трампын заавраар Сенат дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч МакКоннелл, Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нартай ярилцсан” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.


Нэмэлтээр олгох санхүүжилтийг коронавирусний цар тахлын үед жижиг бизнес эрхлэгч компаниудыг дэмжих хөтөлбөрт оролцож буй зээл, санхүүгийн байгууллагуудад олгоно хэмээн С.Мнучин мягмар гарагт “Fox Business” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.


Жижиг бизнес эрхлэгчдэд зориулж зээл олгохыг Конгрессоос хүсэх бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 4 дүгээр сарын 4-нд мэдэгдсэн юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 27-нд тэрбээр коронавирусний тархалтын хор уршгийг даван туулахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор 2 их наяд ам.долларын эдийн засгийн дэмжлэг үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан билээ.

Холбоотой мэдээ