Л.Оюун-Эрдэнэ: "АЛСЫН ХАРАА-2050" нь дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-08 16:17:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна. Тодруулбал, Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд байгаа юм. Ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн бодлого хангалттай үр дүнд хүрч чадаагүйг хөгжлийн суурь үзүүлэлтүүд нотолж байна. Түүнчлэн нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж давхарга эмзэг, нимгэн байгаа нь тэгш бус байдлыг бий болгож, ардчиллын суурь үнэт зүйлст сөргөөр нөлөөлж эхэлж байна. Тиймээс өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийг урт хугацаагаар төсөөлөх урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болоод байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.


Тэрбээр, "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын суурь үнэт зүйлс нь эзэнт гүрнээс өнөөдрийг хүртэлх түүхэн үечлэл, алдаа оноо, үл давтагдах нүүдэлчин соёл, сэтгэлгээ, үнэт зүйлс, хөрвөх чадвартай монгол хүний ирээдүйг төсөөлөх оюун санааны давхцал байх болно. Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-2050 нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар байх юм. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын гол цөм нь монгол хүн байж хөгжлийн бодлогын зорилго бүр монгол хүний сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэнэ" гэлээ.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттай аж. 


1.Үндэсний нэгдмэл үнэт зүйл-”Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”;


2. Хүний хөгжил-“Монгол Улсын Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”;


3. Амьдралын чанар ба дундаж давхарга-”Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”;


4. Эдийн засаг-”ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15,000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”;


5. Сайн засаглал-Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”;


6. Ногоон хөгжил-“Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана";


7. Амар тайван, аюулгүй нийгэм-”Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”;


8. Бүсчилсэн хөгжил-Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшил:. суурьшлын тогтвортой тогтолцоотой. өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ";


9. Улаанбаатар ба дагуул хот-“Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ”.


Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь дэмжлээ.

Холбоотой мэдээ