“Токио-2020” олимпын наадмын эргэн тойронд юу болж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-04-09 12:55:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/, “Токио-2020” олимпыг зохион байгуулах хорооноос хэлэлцэж, XXXII зуны олимпын наадмыг 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэснийг албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж ОУОХ-ноос Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-нд мэдэгдэл ирүүлжээ.


ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Энэхүү шийдвэрийг маш богино хугацаанд гаргахад Олон улсын зуны олимпын спортын холбоо, Үндэсний олимпын хороодын тивийн холбоод болон “Токио 2020” зохион байгуулах хорооны нягт хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. “Токио 2020” олимпын наадам нь хүн төрөлхтөнд нүүрлээд буй харанхуй хонгилыг гэрэлтүүлэх болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгджээ.

ОУОХ-ноос Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-нд ирүүлсэн мэдээллийг бүрэн эхээр нь толилуулж байна.


Зуны олимпын наадмыг зохион байгуулах хугацаа


ОУОХ, “Токио 2020” Зуны XXXII олимпын наадмыг ЗБХ-ноос тус олимпын наадмыг 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар батламжилсан байна.


Олимпын наадмын эрх олгох журам болон хугацаа


- Хэдийгээр Олимпын наадмыг зохион байгуулах хугацааг хойшлуулсан ч эрх олгох журмын дагуу Олимпод оролцох эрхээ хүртсэн тамирчдын эрх хэвээр хадгалагдана.

- Олон улсын спорт холбоодтой нягт хамтран ажиллаж, аль болох ойрын хугацаанд “Токио 2020” эрх олгох журмыг шинэчлэн баталж ҮОХ-дод хүргүүлнэ.

- Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын спорт холбоод нь цаг алдалгүй Олимпын эрх олгох тэмцээнүүдийг цуцалж, тамирчдын эрүүл мэндийг хамгаалсанд талархаж байна

- Маш олон өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх, цугларалтад гарах боломжгүй болоод байгаа нөхцөл байдлыг бүрэн ойлгож байгаа бөгөөд эдгээр тамирчид, багуудыг бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах боломжтой болтол эрх олгох тэмцээнүүдийг зохион байгуулахгүй.

- Тамирчдын эрүүл мэндийг хамгаалах нэн тэргүүний зорилтын хүрээнд “Covid 19” цар тахлын нөлөөлөл багасаж, хорио цээр тавигдсан үед Олимпын эрх олгох тэмцээнүүдийг албан ёсны хуваарьтаа оруулахыг Олон улсын спорт холбоодод зөвлөсөн.






"Токио-2020" олимпын үйл ажиллагааны төлөвлөлт


- ОУОХ-ноос “Токио-2020” олимпын үйл ажиллагааны төлөвлөлтөд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийг судлах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нь Олимпын наадмын үндэс суурь болсон: тэмцээн уралдааныг зохион байгуулах стадион, барилга байгууламж, Олимпын тосгон, Хэвлэл мэдээллийн төв, тээвэр зуучлал, зочид буудал зэрэг онцгой анхаарах шаардлагатай асуудлуудад гол анхаарлаа хандуулж ажиллана.

- “Токио-2020” олимпын наадамтай холбогдуулан 2020 оны 4 дүгээр сард Токио хотноо зохион байгуулах байсан бүх сорил тэмцээнүүдийг хуваарь шинээр батлагдах хүртэл хойшлуулах


ОУОХ-ны эв санааны  нэгдлийн дэмжлэг


- “Токио 2020” олимпын наадмыг 2021 онд зохион байгуулах болсонтой холбогдуулан Тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн олгох болжээ. Энэ хөтөлбөрт манай улсаас 8 спортын төрөлд 17 тамирчин багш дасгалжуулагчдын хамт хамрагдаж байна.


Тамирчид


- ОУОХ-ноос тамирчдад зориулсан Athlete365 платформ дээр “Covid-19” цар тахлын талаар сүүлийн үеийн мэдээлэл, бэлтгэл сургуулилтаа хангах зөвлөмж, бие бялдар сэтгэл зүйн эрүүл мэнд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/ болон Олон улсын шинжилгээний агентлагийн мэдээллүүдийг хүргэх болно.


Нөхцөл байдал маш хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа энэ тохиолдолд эцсийн байдлаар ямарваа хариу өгөх боломжгүй байгааг ойлгож хүлээн авахыг хүсэхийн ялдамд Олимпын наадмыг хойшлуулсантай холбогдсон ямарваа шийдвэрийг цаг тухайд мэдээлэх болно.

Холбоотой мэдээ