Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг баталлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-09 17:02:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг баталлаа. 


Тогтоолын төслийг дагалдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь өргөн мэдүүлжээ.


Тогтоолын төсөл болон хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Тус байнгын хорооноос анхны хэлэлцүүлгийн үеэр гаргасан төслийн 1 дэх заалтын 4 дэх хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гарган дэмжсэн байна. 


Тодруулбал, 

  • Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөлийг хангах,
  • Боловсролын алсын зайн сургалтын үйлчилгээ үзүүлэх
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих
  • Импортын бүтээгдэхүүнийг орлох, дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих арга хэмжээнд шаардлагатай үнэ, тарифын хөнгөлөлтийг үзүүлэх,
  • ЖДҮХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжжээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй тул Төсвийн байнгын хорооны дэмжсэн дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжив. Ийнхүү тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 


Дээрх тогтоолын хүрээнд Эдийн засгийг дэмжих чиглэлд 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Тухайлбал, хувийн аж ахуйн нэгжүүдийн ажилтны орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 30 хүртэл зургаан сарын хугацаанд чөлөөлнө. Мөн энэ хугацаанд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөхийн зэрэгцээ хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сард 50 хувь болон түүнээс илүү багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор тусгажээ.

Холбоотой мэдээ