12 дугаар ангийн төгсөгчид анх удаа “SMART EDU” онлайн сургалтын системийг ашиглана

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-09 17:27:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөгчид 21 аймгаас анх удаа “SMART EDU” онлайн сургалтын системийг ашиглана.


Тус аймгийн ЗДТГ, БСУГ хамтран энэ онд 12 дугаар анги төгсөх 641 сурагчийн ЭЕШ-ын бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор “SMART EDU” онлайн сургалтын системийг анх удаа ашиглахаар болсон юм. Уг систем нь онлайн хичээлийн тусгай хөтөлбөртэй бөгөөд төгсөгчидтэй цахимаар холбогдон мэдлэг чадвар олгох юм. Түүнчлэн ЭЕШ-ын 10 хичээлийн 2016 оноос хойших шалгалтын 7000 гаруй даалгаврыг уг онлайн системд суулгасан нь давуу талтай ба төгсөгчид тестээ бөглөөд багштайгаа харилцан шалгуулах боломжтой ажээ. Системд нэвтрэхдээ компьютер, таблет, гар утас гэх мэт цахим тоног төхөөрөмжийг ашиглаж болох юм.

Энэхүү ажлын хүрээнд “SMART EDU” системийн эрхийг эзэмшигч “ЕCM” ХХК-ийн захирал Ц.Отгонбагана аймгийн удирдлагуудтай уулзаж системийг ашиглах танилцуулга, цахим гарын авлага, зааврыг хүлээлгэн өгч, цаашид боловсролын салбарт тусгай хөтөлбөр боловсруулж хамтран ажиллахаар боллоо.


Энэ хичээлийн жилд тус аймгийн ерөнхий боловсролын 28 сургуулийг нийт 641 сурагч төгсөх ба 595 нь өдрөөр, 46 нь дүйцсэн хөтөлбөрөөр 12 дугаар анги төгсөж байна. Эдгээр төгсөгчдөөс теле хичээлд 71 хувийн хамрагдалттай байгаа тухай БСУГ-аас мэдээлэв. Түүнчлэн төгсөгчдөд зориулан тус газрын мэргэжилтнүүд цахим хуудас хөтлөн онлайн хичээл зааж урьдчилсан сорил шалгалтуудыг авч ЭЕШ-д бэлтгэж байна. 


Холбоотой мэдээ