Нийслэлд 6000 гаруй эргүүл ариутгал хийж байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-04-10 09:48:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн олон улсад тархаад буй “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өгсөн. Тус үүргийн дагуу нийслэлд нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагч эргүүлээр ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтаа хэрэглэж хэвшихийг уриалж байна.


Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хорооллын модон жорлон, аж ахуйн нэгжүүдийн дотор орчныг халдваргүйтгэж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, авто угаалга, авто засварын газар, өрхийн эрүүл мэндийн төв, Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод зэрэг нийт 2342 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны халдваргүйтгэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 16 компани мананцар үүсгэгч тусгай автомат төхөөрөмжөөр үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байна.

Ариутгал халдваргүйжүүлэлтийг энэ сарын 30-ныг дуустал нийт 13 220 аж ахуйн нэгжид хийх юм.


Холбоотой мэдээ