Гурвалжингийн гүүрний доорх замын хөдөлгөөнийг нээв

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-05-26 10:06:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүрэг дэх Гурвалжингийн гүүрний доод талын "U" хэлбэрийн 0.8 км замын хөдөлгөөнийг өчигдөр нээлээ.

Тус зам хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй  явган хүний замтай  бөгөөд тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дуусжээ. Уг авто замыг барьснаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг  холбогдох албаныханд үүрэг болгов.

Энэ үеэр иргэдийн төлөөлөл хотын захирагчтай уулзлаа. Тэд, Гурвалжингийн гүүрний ойролцоох барилгын материал худалддаг иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгааг хэлсэн юм. Хотын захирагч энэ асуудалд онцгой анхаарч Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах үүргийг өгсөн юм.


Холбоотой мэдээ