БНХАУ-ын БХЯ-наас эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивлав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-05-26 14:28:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж 1 сая юанийн өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгслийг буцалтгүй тусламж болгон гардуулан өгөв.


Тусламж гардуулах ёслолд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид оролцлоо.


Хил хязгааргүй тархаад буй коронавирусний халдварын эсрэг Монгол Улсын төр засаг, ард түмэн тууштай тэмцэж байгаа бөгөөд Монголын батлан хамгаалах салбарын үүрэг оролцоо чухал байр эзэлж байгаа юм.


БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг нь тусгаарлалтын болон эмчилгээний гол эмнэлгүүдийн нэгээр ажиллаж байна. Ийм өндөр хариуцлага хүлээж буй энэ үед эмнэлгийн хамгаалах хувцас, нүдний шил, гутал, шүүлтүүртэй болон нэг удаагийн амны хаалт, зайнаас халуун хэмжигч зэрэг эмнэлгийн хэрэгслийг хандивлаж байгаа нь Монголын цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид коронавирусний халдварыг эрсдэлгүй давахад чухал дэмжлэг болох юм.



Тусламжаар өгч буй эмнэлгийн хэрэгслийн баримт бичигт БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай нар гарын үсэг зурлаа.



Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй: “Энэ оны эхээр Хятадын ард түмнийг цар тахлын аюул нөмөрсөн хүнд хэцүү үед Монгол Улсын төр засаг, ард түмнээс сэтгэлийн дэм үзүүлж тусламжийн гараа сунгасан билээ. Түүний дотор Монгол Улсын БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн Их сургууль болон бүх цэргийн албан хаагчдыг төлөөлж Хубэй мужийн Ухань хотын коронавирусний халдвартай тэмцэх ажилд үүрэг гүйцэтгэж буй Хятадын цэргийн эмнэлгийн ажилтнуудад хандив өргөсөн юм. Энэ нь Монгол, Хятад улсын Зэвсэгт хүчний салбарт хамтын ажиллагаа, найрсаг харилцааны зузаан найрамдлыг илтгэн харуулсан юм. Үүнийг Хятадын ард түмэн ялангуяа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бид мартахгүй. Өнөөдөр Монгол Улсын төр засаг, ард түмэн болон Монголын Зэвсэгт хүчнээс хүчин зүтгэл гаргаснаар Монгол Улс энэ тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй арга хэмжээ авч амжилтад хүрч байгааг тэмдэглэхэд маш таатай байна. Монгол Улс дотооддоо халдвар тархаагаагүй нь маш олзуурхууштай, бахархууштай байна. Үүнд бид их баяртай байгаа. Гадаад орноос халдвартай цөөн тооны хүн ирсэн ч бүрэн хяналтдаа авч чадаж байна. Бидний харилцан тусламж үүгээр зогсохгүй. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжлэн хөгжиж, өндөр түвшний харилцан айлчлал, хамтарсан цэргийн сургуулилт, боловсон хүчнийг бэлтгэх зэргээр нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ч Хятадын Зэвсэгт хүчин энэ найрсаг харилцааг улам хөгжүүлэх болно” гэлээ.



Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:” Элчин сайд Цай Вэнруй өөрийн биеэр хүрэлцэн ирж БНХАУ-ын БХЯ-наас энэ “Ковид-19” халдвартай тэмцэж байгаа манай цэргийн эмнэлгийн албан хаагч, бие бүрэлдэхүүнд тусламж өгч байгаад талархал илэрхийлье. Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, БХЯ-ны сайд, хурандаа генерал Вэй Фэнхэ бидэнд хандаж, 2 сар гаруй аюулт цар тахалтай тэмцэж буй Монголын ард түмэн, Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн бол өнөөдөр бодитой тусламж үзүүлж 1 сая юанийн өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгч буйд баяртай байна. Бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов. 



Холбоотой мэдээ