АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески Сэлэнгэ аймагт албан айлчлал хийлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-05-27 09:42:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт энэ сарын 26-нд албан айлчлал хийлээ. Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан харилцан санал солилцлоо.

Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан айлчлалын үеэр АНУ Монгол Улстай “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай болохыг тогтоосон байна. Дээрх тогтоол болон аймгийн “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөр, “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” зэрэг арга хэмжээний үр дүнд хоёр улсын хамтын ажиллагааны үр өгөөж орон нутагт ч хүрч байгаагийн илрэл Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт барьж байгаа 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг болж байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэхүү 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсноор тус багийн нийгмийн томоохон асуудал шийдэгдэнэ. Иймд АНУ-ын Элчин сайдын яамны шийдвэр эрэлт хэрэгцээ, цаг үеэ олсон хөрөнгө оруулалт болж чадсан” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Элчин сайд Майкл С.Клечески “Коронавирусний эрсдэлээс улс үндэстнээ хамгаалж байгаа Монгол Улсын бодлого шийдвэр, ард иргэдийг гайхан биширч байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, ард иргэдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Ийнхүү хамтын ажиллагааны нэг хэлбэр иргэд рүү тэр тусмаа хүүхэд багачууд руу чиглэсэн бүтээлч ажил болон хөрсөн дээрээ хэрэгжиж байна.

 

 

 

Холбоотой мэдээ