Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны академийн залуу гишүүнээр Ц.Мөнхцэцэг сонгогджээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-05-27 15:26:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн судлаач доктор Ц.Мөнхцэцэгийг дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны академийн залуу гишүүнээр сонгожээ.


Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны академи (TWAS) нь шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон улсын өндөр жишигт хүрсэн шилдэг эрдэмтдийг тус академид насан туршийн гишүүнээр, чадварлаг залуу судлаачдыг залуу гишүүнээр (TWAS Young Affiliates) сонгон элсүүлдэг уламжлалтай. 


Жил бүр хөгжиж буй орнуудад ажиллаж буй докторын зэрэг хамгаалсан, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 10-аас дээш тооны бүтээл хэвлүүлсэн, 40 хүртэлх насны шилдэг 25 судлаачийг залуу гишүүнээр 5 жилийн хугацаатай сонгодог.


Доктор Ц.Мөнхцэцэг нь Тайванийн Шинжлэх Ухааны Синика Академид Биотехнологийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд докторын дараах судлаач эрдэмтнээр Тайванийн Синика Академи, АНУ-ын Лос-Анжелес дахь Калифорнийн Их сургууль, Япон улсын Токиогийн Их сургууль зэрэг дэлхийд нэр хүндтэй судалгааны төв, их сургуулиудад шилдэг эрдэмтэн судлаачдын багт 10 гаруй жил ажиллажээ. 


Түүний судалгааны ажлууд нь ургамлын чиглэлийн олон улсын тэргүүлэх сэтгүүл “New Phytologist”, “Plant Physiology”, “Plant Journal” болон “Scientific Reports”, “Journal of Biological Chemistry” зэрэг судалгааны бусад чиглэлийн сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Залуу гишүүд нь дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн чуулга уулзалт, хуралд уригдан оролцохоос гадна тус академиас зохион байгуулж буй үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөрүүдэд тухайн орны залуу судлаачдыг оролцуулахад дэмжин ажилладаг аж. Сонгуульт 5 жилийн хугацаа нь дуусгавар болсны дараа залуу гишүүн нь тус академийн ”Залуу төгсөгч”-өөр үргэлжлүүлэн ажилладаг аж.

Манай улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач доктор Т.Аззаяа 2017 онд залуу гишүүнээр сонгогдож байжээ.

 

 

 

Холбоотой мэдээ