Бэлчээрийн даац хэтэрснээр хөрс давсаждаг

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-27 20:38:36

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цаг уур орчны шинжилгээний газраас найман суманд хөрсний анхан шинжилгээ, судалгааг хийжээ.

Завханы Алдархаан, Яруу, Цэцэн-Уул, Сантмаргац зэрэг найман сумын нийт 31 зогсоол цэгүүдээс хөрсний дээж авч шинжилгээг хийжээ. Судалгаанд хамрагдсан нийт сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын зогсоол цэг дээр хөрсний эвдрэлийг тодорхойлж үзэхэд 13 хувь нь бага зэргийн, зургаан хувь нь эвдрэлийн толбо үүссэн байна. Харин дунд ба хүчтэй эвдрэлд орсон цэг ажиглагдаагүй байна. Зогсоол цэгүүдээс Цэцэн хайрхан, Цэргийн гол, Нарийн үзүүр, Хар хад  зэрэг зогсоол цэгт өнгөн хөрсний эвдрэл бага зэрэг байжээ. Харин Чулуутын өвөлжөөний ар, Аргалантын өвөр цэгүүд хөрсний эвдрэлийн толбо үүссэн байгаа нь судалгааны дүнгээр тогтоогдсон байна.

Судалгаанд хамрагдсан 31 цэгийн 96 дээжийн найман хувь нь их, 18.8 хувь нь дунд, 27.1 хувь нь бага, 45.8 хувь нь давсжилтгүй байна. Овоот, Шар хадны цохио, Бужрын өвөр, Цагаан олом, Чулуутын өвөлжөөний ар зэрэг цэгүүдэд хөрсний давсжилт их байна.

Хур тунадас бага, ууршилт их, бэлчээрийн даац хэтрүүлсэн зэрэг нь хөрс давсжих үндсэн шалтгаан болж байна хэмээн мэдээлэв.

Судалгаанд хамрагдсан сумдын хөрс шим тэжээлгүй байна

Хөрсний элсэн хуримтлал нь цөлжилтийн ажиглалт хийсэн цэгүүдээс Зүүн монгол, Баруун монгол, Сээрийн цохио, Нарийн үзүүр  орчимд ургасан ургамлын зүйлээр авч үзвэл бага зэргийн элсэн хуримтлал үүсэж байгаа нь ажиглагджээ.

Хөрсний нягтшил ихэвчлэн түүний өнгөн хэсэгт үелэн үүссэн байдаг. Ер нь байгаль дээр нийцээрээ байгаа нэгж эзэлхүүн дэх хөрсний жинг (нэг смхөрсний  жинг) хөрсний нягт гэдэг. Цөлжилтийн судалгаанд хамрагдсан зогсоол цэгүүдээс үзэхэд хөрсний нягтын чанарын үнэлгээгээр 100 хувь органик бодисоор баялаг, ширэгжсэн, хөвсгөр  хөрсөнд багтаж байна. Харин нийт 31 зогсоол цэгийн хөрсний гурав нь ховил, гуу, жалга, замын шугаман эвдрэлтэй байлаа. Үүнд  Хөеөтэйн улаан хад, Цэргийн гол, Хар хад гэсэн цэгүүд багтаж байна. Хөрсний ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдийчинээ их ялзмагтай байна, төдийчинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна гэсэн үг юм. Тэгэхээр судалгаа, шинжилгээнд хамрагдсан сумдын хувьд ялзмагийн дундаж агууламжийн хувь 0.0-7.68 хооронд байна. Тэгэхээр ялзмаг багатай хөрсөнд орж байна гэсэн үг. Хуурайшилт ихтэй хөрс шим тэжээлгүй байна гэсэн үг юм хэмээн аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ