Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-05-28 10:26:14

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи болон ОХУ-ын Алс Дорнодын их сургуулийн мэргэжилтнүүд “Цар тахлын нөхцөл дэх Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас” сэдвээр онлайн семинар зохион байгууллаа.  


Уг арга хэмжээг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн ОХУ, Зүүн Европ болон Төв Азийн хүрээлэнгийн захирал Сунь Жуанжи хөтлөн явуулж, Хятад, Оросын хэд хэдэн мэргэжилтэн илтгэл тавьжээ.


Шинэ коронавирусний цар тахал нь олон улсын улс төрийн болон эдийн засгийн дэг журмыг өөрчлөн байгуулах ажлыг түргэтгэхэд түлхэц болж байгааг видео хуралд оролцогчид онцлон тэмдэглэжээ. Дэлхийн болон бүс нутгийн байдал гүнзгий өөрчлөгдөнө гэж оролцогчид үзэж байна.


Цар тахал Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурваст нөлөөлсөн боловч Зүүн Хойд Ази нь бүс нутгийн эдийн засгийн интеграцийн шинэ үе шатыг эхлүүлэх дэд бүс болж, харин гурван улсын эдийн засгийн коридор нь түүнийг хэрэгжүүлэх гол тавцангуудын нэг болно гэж эрдэмтэд үзэж байна.


“COVID-19” өвчний дэгдэлтийн үед гурван улсын харилцаа жигд хөгжиж, харилцан итгэлцэл бэхжив. Одоогийн байдлаар гурван улс цар тахалтай хийх тэмцлийн өмнө ирээд байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь гурван улсын хамгийн чухал зорилтуудын нэг хэвээр байгааг хуралд оролцогчид тэмдэглэжээ.


Эрдэмтдийн үзэж байгаагаар, ирээдүйд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хүрээнд "зөөлөн орчин" бий болгох нь нэн чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь юуны өмнө дижитал салбар, цахим худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн сүлжээ, мөн эмийн үйлдвэр зэрэг салбарт эдийн засгийг харилцан нөхөх чиглэлээр хамтран ажиллахад шаардлагатай.


Түүнчлэн гурван орны эдийн засгийн хамтын ажиллагааг төрөлжүүлэхийн тулд шинэ чиглэлүүдийг тодорхойлох шаардлагатай байна. Үүний сацуу гурван талын хамтын ажиллагааны хүрээнд зохих механизмыг бий болгох ажлыг эрчимжүүлэх нь чухал гэж мэргэжилтнүүд хэллээ.


Видео хуралд оролцсон эрдэмтдийн үзэж байгаагаар, хүний ​​солилцоог бэхжүүлэх нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасыг байгуулах нийгмийн үндэс суурь бөгөөд түүнийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно.


Холбоотой мэдээ