Хүний эрхийг хамгаалагчдаас энхийг сахиулагчид хүртэл

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-05-29 10:39:35

НҮБ-ыг байгуулах олон шалтгааны гол нь хүний эрхийг хангах тухай байсан аж. Аймаглан устгах, харгислал, олныг хамарсан дайн самуун үеийн үед гарсан. Гэхдээ түүнийг хазаарлан зогсоох талаар дэлхий нийтээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй уджээ. Харин дэлхийн 2 дугаар дайны дараа НҮБ-ын үндсэн үүрэгт хүний эрхийг хангах, дахин дэлхий нийтийг хамарсан  халдлага, дайн гаргахгүй байх заалт оруулжээ.

Хууль зүйн үүднээс авч үзвэл “Хүний эрхийн түгээмэл тунхаглал" нь заавал биелүүлэх ёстой эрхийн акт биш. Гэвч 1948 онд "Бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт" болгож НҮБ-ын Ерөнхий чуулганаар баталсан байна. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд Араб Израйлын хооронд гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдын НҮБ 1948 онд  баг гаргасан аж. Энэхүү үйл явдлыг эдүгээгийн энхийг сахиулах ажиллагааны  эхлэл, суурь нь гэж үзэх болжээ. Харин НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн 2002  онд зарлан дэлхий нийтээр тэмдэглэх болжээ. Энэ өдөр нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хичээл зүтгэлийг алдаршуулах учиртай. Түүнээс гадна дэлхий нийтийн амар амгалангийн төлөө зүтгэсэн тэднийг мартахгүй байх, энхийн үйлсийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх ёстой. Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулах 14 ажиллагаанд дэлхийн 125 орны 125,000 орчим цэрэг, энхийг сахиулагчид “энгийн иргэдийг хамгаалах” уриан дор үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж байна.

Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөний улмаас хүйтэн дайны үед (1945-1990 он) Солонгосын дайнд цорын ганц удаа  энхийг сахиулах  үйл ажиллагаа явуулсан гэнэ. Хүйтэн дайн төгсгөл болсноор энхийг сахиулах үйл ажиллагаа хүрээгээ тэлжээ. Энхийг сахиулах үйл ажиллагаа нь гишүүн орнуудын татвараар санхүүждэг. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд энэ үйл ажиллагаанд ердийнхөөсөө өндөр санхүүжилт олгодог байх юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хоёр ажиглагч офицер илгээснээр энхийг сахиулагчдын эгнээнд нэгджээ. Эндээс дэлхийн хамтийн нийгэмлэгт монгол цэрэг хүчин зүтгэх нэрийн хуудас эргэж эхэлсэн гэж хэлж болно. Түүнээс хойш 18 жил өнгөрлөө. Үйл явдлыг эргэн харвал давхардсан тоогоор 17,000 орчим цэрэг офицер, албан хаагчид  энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэжээ. Тэдний түүхэн гавьяанаас дурдвал, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс (БНӨСУ)-ын Ийда хэмээх дүрвэгдэгсдийн тосгонд 2015 онд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай  тус тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй. Мөн тус онд Цэргийн багийн III дугаар ээлжийн энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой тус улсын Бентью хот дахь НҮБ-ын Хубилай болон Арвай баазад  гурван эх (Судан)-ийг төрүүлсэн. Тэнд мэндэлсэн 2 хүү, 1 охиныг эх барьж авсан. Энхийг сахиулагчдийн эгнээг өргөтгөсөн Монгол цэргийн нэрийн хуудсанд олон сайн үйлс алтан үсгээр бичигдсэн байна. Ийм баримтыг тэдний нэрийн хуудаснаас олныг харж болно. Цаашдаа манай энхийг сахиулагчдын нэрийн хуудас улам баяжина гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сайн үйлс дэлгэрэх болтуйгай.

Засгийн газрын 140-р тогтоолоор “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг 2005 оноос тэмдэглэж эхэлсэн. НҮБ-ын энхийг сахиулах сайн үйлсэд цэрэг хандивлагч орнуудын 24 дүгээрт  Монгол Улс жагсаж байна.

Эмэгтэй энхийг сахиулагчид “нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулж, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангаж, тэдэнд үлгэр дууриал үзүүлдэг” гэж тусгайлан тэмдгэлсэн байна. Монголын цэргийн оролцогчдын 27.3 хувь, штабын офицеруудын 10 хувийг эмэгтэй энхийг сахиулагчид эзэлдэг аж.

Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ыг (1945 оны 10 дугаар сарын 24) байгуулсан нь улс орон бүрийн хүний эрхийг хамгаалагчдын хүчин зүтгэл байсан юм. Тэдний хичээл зүтгэл өнгөрсөн хугацаа (1945 оноос өнөөдрийг хүртэл)-нд талаар болсонгүй. Харин ч хүчээ авч энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүн болж өргөжсөөр ирсэн. НҮБ-ын баримт бичиг  (дүрэм)-т  дэлхий нийтийн амар амгалангийн төлөө нэгдсэн үндэстний армитай байж болох тухай заалт байдаг. Гэхдээ ийм арми хараахан байгуулагдаагүй байгаа. Хүний эрхийг хамгаалагчдаас энхийг сахиулагчдийг хүртэл олон зүйлийг дурьдаж болно. Тэр бүхнийг энд нурших шаардлагагүй. Харин өнөөдөр "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" гэдгийг бид мартаж болохгүй. Гэвч улс орон даяар “өндөржүүлсэн бэлэн байдал” үргэлжилж байгаа тул нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй.

Холбоотой мэдээ