Шилмэл омгийн мал бүхий малчдад гэрчилгээ олгож байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-28 13:02:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-аас говийн уур амьсгалд тэсвэртэй, бүс нутгийн онцлогт тохирсон, баталгаажсан шилмэл омгийн мал маллаж байгаа малчиддаа “Гэрчилгээ” олгож байна.

Өнгөрсөн жил Дундговь аймгийн ХАА-н салбарт гарсан томоохон амжилт бол ашиг шимийн үзүүлэлт сайтай “Сайнцагаан” хонь, Өндөршил сумын хурдан удмын “Шил адуу”-ны омгийг батлуулсан явдал юм.

Одоогийн байдлаар “Сайнцагаан” омгийн хонь маллаж байгаа 20 өрх, Өндөршил сумын “Шил адуу”-ны омгийн адууг маллаж байгаа  21 өрх, Хулд сумын “Олдохын хүрэн тэмээ”-г маллаж байгаа 21 өрхөд тус тус гэрчилгээ гардуулаад байна.

“Олдохын хүрэн тэмээ”-г омог болгон батлуулах судалгааны ажил дуусч, одоо батлуулах шатандаа явж байгаа ажээ.

Аймгийн ХХААГ-ын МАА-н тасгийн дарга Ж.Батбилэг “Манай аймгийн хувьд мах, сүүний гарц арвин, ашиг шим өндөртэй шилмэл омгийнхоо цөм сүргээс хээлтүүлэгч тавьж, тухайн орон нутгийнхаа мал сүргийг сайжруулах бүрэн боломжтой, сүүлийн жилүүдэд аймаг, орон нутгаас ийм бодлого барьж байгаа. Өөр аймаг, сумаас хээлтүүлэгч авч ашиглахгүй.

Цаашид шилмэл мал сүргийнхээ ашиг шимийнх нь үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, тогтворжуулахад анхаарч, судалгаа, шинжилгээ хийж ажиллана” гэлээ. 

Холбоотой мэдээ