Иргэдийн захиалгаар төрөл бүрийн сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-28 20:52:52

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилтынхоо хүрээнд сум бүрд хоёроос таван жижиг үйлдвэр байгуулж, 24 сум өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болохыг зорьж байна. 

Тухайлбал Яруу сумын сүлжмэлийн цех амжилттай ажиллаж бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжээ. Тус сум орон нутгийн бизнес эрхлэгчидтэйгээ санал солилцож, гурван төсөлд хамтран ажиллахаар гэрээ хийсэн байна. Тодруулбал Яруу сумын уугуул “Төгс кашемир” ХХК-ийн захирал Г.Төмөрхүү сүлжмэлийн чиглэлээр тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг сумандаа өгч шинэ сүлжмэлийн үйлдвэртэй болжээ. Тэрээр Улаанбаатар хотод өөрийн үйлдвэр дээрээ нэг сургагч багшийг бэлтгэснээр орон нутагт сүлжмэлийн цех ажиллаж эхэлжээ. Үүний үр дүнд таван хүний байнгын ажлын байр бий болсон байна. Өнөөдрийн байдлаар тус цехээс таван төрлийн сүлжмэл бүтээгдэхүүнийг цөөн тоогоор худалдаанд гаргажээ. Мөн иргэдийн захиалгаар бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ.

Ташрамд тус суманд сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт муу байгаагаас 2017 онд зээл олгогдоогүй байна. Зээлийн эргэн төлөлтөд нэлээн анхаарч ажилласны үр дүнд 2018 онд зургаан иргэнд 38 сая төгрөгийн зээлийг олгожээ. Харин 2019 онд зээлийн эргэн төлөлт болох 34.9 сая төгрөгийг сумандаа үйлдвэрлэл эрхлэх долоон иргэнд олгожээ. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт эзнээ олсон, эргэн төлөлт сайн байсантай холбоотойгоор үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой, одоо эрхэлж буй жижиг үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй иргэд олон болж байгаа. Цаашид дээрх сангаас зээл олгох эргэн төлөлтөд анхаарч, “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл” нь хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдийг хуваарилан авч, төлөгдөөгүй зээлтэй иргэдэд гэрээний дагуу дараа дараагийн шатны арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаж байгаа талаар Яруу сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ