Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2020-05-29 07:50:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг онцолжээ.


Стартап блинк /Startup blink/ дэлхийн стартап /гарааны компани/ экосистемийн атлас, судалгааны төвөөс тус тайланг гурав дахь жилдээ гаргаж байгаа аж.


Дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улс, 150 мянгаас дээш хүн амтай 4416 хот байдаг бол тус тайланд дэлхийн топ 100 улс, топ 1000 хотын стартап экосистемийн гол үзүүлэлтүүд болох стартап компаниуд болон тэднийг дэмжигч байгууллагуудын тоо, чанар,  бизнесийн орчны өгөгдлүүдийг тусгай алгоритмын тусламжтай боловсруулан байр эзлүүлдэг байна. Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улс топ 100 улсад багтаж, 93 дугаар байранд, Улаанбаатар хот топ 1000 хотод багтаж 690 дүгээр байранд эрэмбэлэгдсэн байна.


Израил улсын Startup data компаний Startup blink платформ нь олон улсын хэдэн арван мянган стартап компаниуд бүртгэлтэй стартап экосистемийн атлас, судалгааны төв бөгөөд жил бүр боловсруулан гаргадаг дэлхийн стартап экосистемийн тайланг олон арван мянган хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид шийдвэр гаргахдаа ашиглаж, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон нийтэлдэг юм.


Уг тайланд “Улаанбаатар хот бол Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын гол цөм бөгөөд Улаанбаатар хотын стартап экосистем сүүлийн хэдхэн жилийн дотор маш хурдтай хөгжиж технологийн салбарын олон чадварлаг стартап компаниуд урган гарч улсын эдийн засгийг шинэ чиглэл рүү залж байгааг хархад Улаанбаатар хот Азийн инновацын хаб болох ирээдүй харагдаж байна” гэдгийг онцолсон байна.


“Залуусын хот болох Улаанбаатар хотын захиргаа нь инновац, стартап бизнес эрхлэгч залуусыг дэмжих зорилгоор 2018 онд дэргэдээ Улаанбаатар Инновацын төвийг байгуулсан бөгөөд тун удахгүй энэ төвийн салбарууд Яармаг, Баянхошуу, Сэлбэд нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10 мянган программист” бэлтгэх төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар санаачлан хэрэгжүүлж эхлээд байна”  хэмээн онцолж байгааг Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ.





Холбоотой мэдээ