Монгол Улс цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад 24 дүгээрт бичигдэж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-29 09:44:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” өнөөдөр тохиож байна. 


Дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид 2019 оны байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 24 дүгээрт бичигдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг манай улсад 2005 оноос тэмдэглэх болжээ.


Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхтэй оролцож 2002 оноос давхардсан тоогоор 17000 гаруй "цэнхэр дуулгатан"-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна.


Анх 1948 онд Араб Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг.

Холбоотой мэдээ