“Гал тоглоом биш” гар зургийн уралдааны дүн гарлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-30 11:51:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зураг зурах авъяасыг нээх, гал түймрийн хор хөнөөлийг ойлгуулах, бууруулах зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан ИТХ-ын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 37 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Зургийн уралдааныг 2020 оны 5 дугаар сарын 4-нөөс 25-ны өдрийн хооронд зарласан аж. Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын нийт 1183 бүтээл ирснээс 35 хүүхдийн бүтээлийг шалгаруулжээ.

Шагналыг аймгийн Онцгой байдлын газарт гардуулсан бөгөөд энэ жилийн тухайд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж “Зай барих” дүрмийг баримтлан хүүхэд бүрийн халууныг үзэн, гарыг ариутгаж, арав арваар нь оруулж шагнаж гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Шалгаруулалтыг Боловсрол, соёл, урлагийн газрын зураг, технологийн арга зүйч Б.Өсөхбаяр, Дүрслэх урлаг дизайн технологийн багш М.Жанлав нар зохиомж, уран санаа, гүйцэтгэл, стандарт хэмжээ зэргийг үндэслэн шалгаруулсан аж. 

Уг уралдаанд аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Дархан-Уул аймаг дахь “Барилгачин залуучуудын холбоо”, Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл, Улаан загалмайн хороо хамтран ажиллажээ.

Холбоотой мэдээ