Хонконгийн оршин суугчдад Их Британийн иргэншил олгох журмыг хялбаршуулна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-29 14:55:34

МОСКВА. /TASS/. Манай улс Их Британийн гадаад паспорттой Хонконгийн оршин суугчдын статусыг өөрчилж, хожим нь Их Британийн иргэншил олгохын тулд тэднийг хязгаарлалтгүйгээр сурч, ажиллах боломжоор хангахад бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб пүрэв гарагт мэдэгджээ. БНХАУ Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах механизмыг нэвтрүүлбэл эрх баригчид ийм алхам авна хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 


1997 онд Хонконгийг Их Британиас Хятадад шилжүүлэхээс өмнө гадаадад амьдардаг Хонконгийн оршин суугчид өөрийн хүсэлтээр Их Британийн иргэн болох, тусгай гадаад паспорттой болох боломжтой байжээ. Тусгай гадаад паспорт нь цагаачлалын хяналтаас чөлөөлөхгүй ч Их Британид оршин суух хугацаанд хэд хэдэн давуу эрхийг олгодог байжээ. Одоогийн байдлаар Хонконгийн нийт 7.4 сая оршин суугчийн 300 мянга орчим нь ийм тусгай паспорттой аж.


"Их Британийн гадаад паспорттой Хонконгийн оршин суугчид манай улсад 6 сарын хугацаагаар байх боломжтой. БНХАУ сонгосон бодлогоо баримталж, Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг нэвтрүүлбэл бид энэ статусаа өөрчилж, 6 сарын эрхтэй дээд талын хугацааг цаашид сунгах боломжтойгоор нэмэгдүүлж, Их Британид 12 сарын хугацаанд сурч, ажиллах боломжийг тусгай паспорттой оршин суугчдад олгоно. Ингэснээр цаашид Их Британийн иргэн болох боломж бүрдэх юм” хэмээн Рааб мэдэгджээ.  


Арван гурав дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулганы үеэр Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталжээ. Өнгөрсөн онд олон нийтийн эмх замбараагүй байдал дэгдсэн Хонконг дахь салан тусгаарлах үзэл, терроризм, гадны хөндлөнгийн оролцоо зэрэг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, шийтгэхэд чиглэсэн энэхүү шинэ хуулийн төсөл нь 8 дугаар сард хүчин төгөлдөр болох аж. 

Холбоотой мэдээ