Эрдэнэбүрэн суманд Галдан бошигт хааны нэрэмжит шагнал гардуулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-29 17:19:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн дээд шагнал болох “Галдан бошигт хаан”-ы нэрэмжит шагналыг Эрдэнэбүрэн сум хүртлээ. Энэхүү шагналыг тавдугаар сарын 28-нд аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн байна.

Тус шагналыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж хүртэж байсан. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл, Хөдөлмөрийн баатар, ардын эмч Начингийн Баасанжав нар тус тус хүртжээ.

Тэгвэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 73 дугаар тогтоолийн дагуу мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үйлст манлайлан ажиллаж байгаа Эрдэнэбүрэн сумынханд дөрөв дэх удаагийн шагналыг ийнхүү хүндэтгэлтэйгээр гардуулан өгснөөрөө онцлогтой.   

Эрдэнэбүрэн сум таван багтай. Сумын төв нь аймгийн төвөөс 75 км, нийслэлээс 1552 км зайд оршдог. 268.5 мянган га нутагтай. Газарзүйн байрлалын хувьд Их нууруудын хотгорын мужид хамаарагддаг. Далайн түвшнээс 1182-4208 метрт өргөгдсөн өндөр уулс, говь тал хосолсон нутагтай юм. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ихэвчлэн өөлд угсаатан аж төрж буй.   

Өөлд угсаатан нь Ойрадын их хаан  Галдан бошигтын үр хойч гэлцдэг. Өөлд түмэн Галдан бошигт хааны зарлиг сургаалаар “Гал тамгатай, ганзага имтэй”.

Эрдэнэбүрэн сумын музейд Галданбошигт хааны хэрэглэж байсан тамганы хайрцаг, хорол тоглоом, бурхны шашны эд зүйлс бий.


Холбоотой мэдээ