Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын цахим хуралд оролцов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-29 19:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын Женев дэх төв штабаас зохион байгуулсан цахим хуралд гишүүн орнуудын бүс тус бүрийг төлөөлсөн эрүүл мэндийн сайд нар оролцож, КОВИД-19халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Зүүн Өмнөд Азийн Бүсээс Непал, Газар дундын тэнгисийн зүүн эргийн бүсээс Бахрейн, Европын бүсийг төлөөлж Унгар, Америкийн бүсээс Барбадос, Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон илтгэл тавив. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл халдварын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцууллаа.

ДЭМБ манай улсыг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны үйл ажиллагааг шуурхай зохион байгуулсны үр дүнд хүн амын дунд халдвар гараагүй байгаа, халдварын тархалтын үеийн бэлэн байдлыг хангах цаг хугацааг өөртөө бий болгосон гэж онцоллоо. Түүнчлэн манай улсыг ард иргэдээ хилийн чанадаас тогтмол татан авчирч байгаа гэдгийг тэмдэглэв.

Хуралд оролцсон улс орнууд Ковид-19” халдварын үед өвчтөнд зориулсан тусгайлсан эмнэлэг ажиллуулах нь хүн амын дунд халдвар тархахаас сэргийлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдлыг хангах ач холбогдолтой тухай ярьж байв. Бүх улс орон гараа угаах, гадуур явахгүй байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь халдварын үед онц чухал гэдгийг илтгэлдээ дурдлаа. Бахрейн улс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэйгээ хамтран ажиллаж, худал ташаа мэдээлэлд тухай бүрт нь няцаалт хийж ажилласнаа онцолсон бол Барбадос “Ковид-д бууж өгөхгүй бид түүнийг ялна” уриатай ажиллаж байна гэлээ.

Энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гейбрейсус гишүүн орнууддаа баримтад суурилсан судалгаа, эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдал, бэлэн байдлын болон тархвар судлалын төлөвлөгөө, эмнэлзүйн удирдамжаар тогтмол хангаж буйг хэллээ. Мөн тэрээр энэ түүхэн мөчид ДЭМБ-ын сан байгуулж буйгаа зарлалаа. ДЭМБ өмнө нь олон нийтээс хандив хэзээ ч хүсэж байгаагүй, энэ бол анхны тохиолдол гэж Т.Гейбрейсус онцлон дурдав. Ковид-19” халдварын эсрэг өвөрмөц эм, вакцин гаргах шаардлагатай хөрөнгө оруулалт хийх санхүүжилтийг олон эх үүсвэрээс бид бүрдүүлнэ. Одоогийн байдлаар дэлхийн 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага ДЭМБ-ыг дэмжихээ илэрхийлж, эхнээсээ хөрөнгө оруулалт хийж байгаа тухай ноён Т.Гейбрейсус дуулгалаа. Коронавирустэй тэмцэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлах болно гэж тэрээр мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ