Н.Норжинсүрэн: Налайхаас провоз дуудахад Сэлэнгээс очиж засвар хийдэг байв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-05-29 20:13:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-ОХУ-ын хамтарсан УБТЗ нийгэмлэг 82 жилийн түүхийн хөгжлийг түүчээлж ирсэн ахмадуудаараа бахархдаг. 


Тэдний нэг ахмад төмөр замчин Н.Норжинсүрэнтэй уулзвал, 1948 онд 18 настайдаа цэргийн албанд татагдан очихдоо Төмөр замын тусгай ротод хуваарилагдан төмөр замтай хувь заяагаа холбож байснаа дурсаж байна. 


Тэрээр 1958 он хүртэл Монголын анхны уурын тэрэгний поршны слесариар ажиллаж байгаад өргөн төмөр зам Налайх руу холбогдохтой зэрэгцэн нарийн төмөр замыг татан буулгах үеэр хэсэг залуус БНХАУ-ын тусламжаар Сэлэнгэ аймагт Мод боловсруулах үйлдвэр байгуулахад 6 сарын курс төгсөн тэнд очиж ажиллаж байжээ. 

“Тэр үед одоогийнх шиг биш, провозыг 6 хүн засдаг байсан. Нэг нь поршноо, уурын тогооны хэсгээ, нөгөө дэх нь дугуйны холбоос, гэрэл, экипажаа гээд тус тусдаа засдаг байсан” гэв. Ажлын нөхцөл, хэдэн төгрөгийн цалин авч байсан тухайд асуухад “Ажил хүнд байсан. Өдрийн 8 цаг ажилладаг ч шөнө хүртэл ажил гараад Налайхаас провоз дуудахад очиж засвараа хийдэг байлаа. Залуу насны эрч хүчээр даван гарч байв. 


Анх бид дагалднаар ороод цалинтай ажиллаж байлаа. Цалин тэр үеийнхээр 300-400 орчим төгрөг авдаг байсан юм уу даа. Тэр үед бид төмөр замын гээд 2 давхар 6 хүрэн байшинд амьдардаг байлаа” хэмээн тэртээ олон жилийн өмнөх үеэ дурсаж байна.

Өдгөө 90 настайгаа золгож буй Н.Норжинсүрэн гуай Ойн яамны модны үйлдвэрт цахилгааны, техникийн инженер, ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарчээ.


Н.Алтантогос: Төмөр замын ажил минут секунд бүрийг тооцдог онцлог салбар


Өнгөрсөн хугацаанд Монголын төмөр замын салбараас Хөдөлмөрийн баатар 14, Гавьяат тээвэрчин 29 төрөн гарсан юм.

Тэдний нэг Монгол Улсын Хөдөлмөрийн отгон баатар Н.Алтантогос. Тэрээр ярихдаа, “Би 1975 онд 16 настайдаа төмөр замд анх Зүтгүүрийн депод ачигчаар ажилд орж байсан. Түүнээс хойш туслах машинистын курс төгсөөд илчит тэрэгний машинстаар 39 жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан. Өдгөө төмөр зам маань 16 мянган ажилтантай өнөр өтгөн айл болж, Монгол орны эдийн засагт их хувь нэмэр оруулж буй тээврийн том салбар болон хөгжиж иржээ. Энэ хамт олныхоо дунд ажиллаж байсандаа баярлаж бахархаж явдаг. 


Төмөр замчид бид минут секунд бүрийг тооцон ажилладаг онцлог салбар юм. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд хуучин социализмын үеэс эхтэй, сахилга хариуцлага өндөр шаардлагатай явж ирсэн, өнөөдөр тэр зарчмаа алдаагүй, тэр л хэвээрээ, залуус маань бидний ажлыг өвлөж яваад бахархдаг” гэв.

Энэ онд Монгол Улсад Төмөр замын тээврийн салбарыг үүсгэн хөгжүүлсний 82 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны 71 жилийн ой тохиож байна.



Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ